Намууд Улсын гишүүдийн тоог 126 байлгах санал дэвшүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 13 секунд

Намууд Улсын гишүүдийн тоог 126 байлгах санал дэвшүүллээ

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Цогтгэрэл, ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар өнөөдөр (2023.05.17) Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийн дараа Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж иргэдэд төслийн талаар танилцуулж, тэднээс санал авсан. Энэ долоо хоногт хоёр дахь хэлэлцүүлэг өрнөх юм.

Д.Тогтохсүрэн: УИХ-д суудалтай намууд гишүүдийн тоог 126 болгохоор санал нэгдсэн

Иргэдийн олонх нь холимог тогтолцоог дэмжиж байна. Ингэхдээ тойргийн төлөөлөл буюу мажоритар системээр сонгогдох гишүүдийн тоо нь давуу байх нь зүйтэй гэсэн санал давамгайлж байна. Харин гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэж байгаа хэдий ч 152 болгохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Ардчилсан намаас холимог тогтолцоог 60/40 буюу тойргоос 60 хувь, жагсаалтаар 40 хувь нь бүрддэг байхаар санал дэвшүүлсэн. Улсын Их Хуралд суудалтай гурван намын төлөөлөл ярилцаад санал нэгдлээ. Ингээд Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгоод 76 нь тойргоос, 50 нь жагсаалтаар сонгогддог байхаар санал гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлээд байна.

Ц.Цогтгэрэл: Гишүүдийн тоог 126 болгосноор иргэдийг төлөөлөх чадвар сайжирна

Үндсэн хууль гэдэг бол зөвшилчлийн том баримт бичиг. Тал талын байр суурийг сонсож олон удаагийн уулзалт хэлэлцүүлгийн дараа бид ийм шийдвэрт хүрч байна. 126 гэдэг тоонд тодорхой үндэслэл бий. 1992 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиар Улсын Их Хурал 76 гишүүнтэй байна гэж заасан. Тэр үед нэг гишүүн 27 мянга орчим иргэнийг төлөөлж байсан. Өнөөдрийн хүн амын тоог харгалзан үзэж 126 гишүүнтэй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Ингэж чадвал нэг гишүүний иргэдийг төлөөлөх чадвар сайжирна гэж үзсэн.

Т.Доржханд: Гишүүдийн тоог 126 болговол өнөөдрийн 76 гишүүнд зарцуулж буй зардлыг өсгөхгүй

Ардчилсан намаас дэвшүүлсэн саналыг манай нам хүлээж авсан. Харин дараа нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хэлэлцэх үедээ Улаанбаатар хотоос сонгогдох гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгах нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлж байгаа. Учир нь Улаанбаатар хотоос сонгогдсон нэг гишүүн дунджаар 100 мянган хүн төлөөлж байгаа бол орон нутагт 25-30 мянган хүн төлөөлж байдаг.

Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болговол өнөөдрийн 76 гишүүнд зарцуулж буй зардлыг өсгөхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг улс төрийн намуудын дарга нар тохиролцсон. Өнөөдөр нэг гишүүн нэг туслах, нэг зөвлөх, хоёр бие төлөөлөгчтэй байдаг бол үүнийг хязгаарлаж, илүү зардалгүй байх тал дээр санал нэгдсэн. Иргэд жагсаалт дээр болгоомжтой хандахыг сануулдаг. Тиймээс жагсаалтад нэр цэвэр хүмүүсээ оруулж, санамж бичиг байгуулъя гэдэг саналыг ХҮН-ын зүгээс гаргаж байгаа. Эрх барьж буй нам дэмжсэн гэлээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Үүний дараа ямар өөрчлөлтүүд орсон талаар дахин иргэдэд танилцуулж, санал авах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг БШУ-ны салбарынхтай дүйцүүлнэ
Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг БШУ-ны салбарынхтай дүйцүүлнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ