Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит "Өглөөний уулзалт"-аа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, удирдлагуудтай хийж байна. Сайд Л.Энх-Амгалан салбарынхаа талаар товч таницуулга хийсний дараа Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого" илтгэл танилцуулж, эрдэмтэн, судлаачдын санал, бодлыг сонсож байна.
Эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, хүрээлэнгүүд ТӨК,ТӨҮГ-уудтай гэрээ хийх эрх нээж өгөхийг хүслээ. Тухайлбал, төрийн өмчит уурхайнууд ТЭЗҮ хийлгэх тендер зарладаг. Үүнд оролцох гэхээр Тендерийн хуулиар зааг тогтоочихдог, арилжааны банканд дансгүй зэрэг нөлөөлдөг байна. Хими, хими технологийн захирал Л.Жаргалсайхан "Засгийн газрын цахим бодлогыг дэмжиж байгаа. Манайх 10 лабораторитай. Төр эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглаасай. Төр, шинжлэх ухаан тусдаа болчихсон, бид айлын дагавар хүүхэд шиг байна. Зарим жилд судалгаанд мөнгө төсөвлөдөггүй. Л.Энх-Амгалан сайдын үед манай салбар суурь санхүүжилттэй болсон. Энэ маш чухал" гэлээ.
Харин Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн секторын эрхлэгч Т.Атарсайхан Дарханы замаар явж ирлээ, зам сайхан болжээ. Манай сектор газар тариалангийн үр сортыг 100 хувь өөрсдөө хийж байна. Хүний нөөцийн бодлого алдагдсан. Төр бодлогоор залгамж халаа бэлдмээр байна. Бид улаанбуудайн үрийн 40 хувийг үйлдвэрлэдэг, 100 хувь дотоодоос үр боловсруулахад тоног төхөөрөмж шаардлагатай байгааг хэллээ.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг "МАА-н бүтээгдэхүүний экспорт 5-хан хувь. Үүнийг нэмэгдүүлэх боломж байна. Эрдэмтэн, судлаачдын маань 5-20 жилийн хөдөлмөр шингэсэн инновацийн олон бүтээгдэхүүн манай хүрээлэнд бий. Гэвч Био комбинат ТӨҮГ-ын технологи маш их хоцрогдсоноос эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Био комбинатын технологийн шинэчлэлийг хийчихвэл бүтээгдэхүүнүүдээ экспортод гаргах бүрэн боломжтой. Жилд 1.4 тэрбум төгрөгөөр оношлуур худалдаж авч байна. Манай эрдэмтдийн бүтээсэн 10 гаруй төрлийн оношлуур байгаа ч өнөө л тендерийн асуудал яригддаг. Судлаачдын хийсэн нөр их хөдөлмөр цаасан дээр үлдэж байна. Хими, хими технологийн хүрээлэнгийн ЭША Н.Жавзмаа Технологийн парктай болчихвол "Тэрбум мод" хөтөлбөр, "Алсын хараа-2050"-д тусгасан үйл ажиллагаа, зорилтуудыг хэрэгжүүлж ажиллах боломжтойг онцоллоо.