Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаахаар аравдугаар сарын 20-ний өдөр очсон байлдагч амиа алдсан хэрэг гарсан. Энэхүү хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас өнөөдөр (2023.11.15) хэвлэлийн бага хурал хийлээ.
Уг хэвлэлийн бага хурлын үеэр тус цэргийн ангид хоёр жилийн өмнө гарсан хэргийн тухай дурдсан бөгөөд энэ тухай ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Хэрэгт холбогдсон Г гэгчийг холбогдуулан шалгаж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 14 жилийн хорих ял оногдуулж шийтгэсэн байна. Тухайн этгээд нь өдгөө хорих ялаа эдэлж байгаа" гэх хариулт өгөв.
Хэргийг дахин сануулбал 2021 оны гуравдугаар сарын 28-ны өдөр 22:35 минутад хугацаат цэргийн албан хаагч нас барсан хэрэг гарч байв. Тус ангийн дэслэгч Д.Гялбуужамц ангийнхаа гадаа машиндаа найзуудтайгаа архи ууж, улмаар ангийн байр руу архи авч орж улмаар цэргүүдийг амарч байхад нь Соёл амралтын танхимд дуудаж оруулан жагсаан дэглэсэн байдаг. Энэ үеэр байлдагч Ц.Б-ыг салааны захирагч Д.Гялбуужамц зодож, аминд нь хүрчээ.