Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятад хэлээр ярьж байгаа дүрс бүхий бичлэг өнгөрсөн амралтын өдөр цахим орчинд түгсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр /2023.11.20/ мэдээлэл хийлээ. Мэдээллийнхээ эхэнд "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн мэдээлэл гарах болсон. Тиймээс ЕТГ-аас мэдэгдэл гаргаж байна" хэмээн тодотголоо.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээлэл гарах боллоо. Хятад хэлээр ярьж байгаа мэт хуурамч мэдээлэл нь хоёр хөршийн харилцаанд муугаар нөлөөлөх ноцтой үйлдэл юм. Төрийн тэргүүний нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг. Хууль бус үйлдлийг таслан зогоолгохоор хууль, хяналтын байгууллагад хандаж байна. Цахим орчинд гарсны дараа хуурамч мэдээлэл гэдгийг хэлсэн, мэдээлсэн. Бид хуулийн байгууллагад хандсан, холбогдох ажиллагаа явуулж байна. Анх олон нийтийн сүлжээнд цацсан хүмүүсийг тогтоосон. Хоёр хүнийг шалгаж байгаа, хуулийнхан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх" гэжээ.