“Хүний эрх жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлэг /2023.11.22/ өнөөдөр эхэлж байна. Энэхүү хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ,
Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөгчид, хүндэт зочид оо,
Хатагтай, ноёд оо,
Монгол Улсын парламент өнөөдөр хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжийн талаарх өөрийн үнэлгээг Олон Улсын Парламентын Холбооны боловсруулсан аргачлалын дагуу хийх гэж байна. Энэ бол Монголын парламентын түүхэнд анх удаа, дэлхийн улс орнуудын парламентуудын ажиглалт, анхаарлын дор явуулж буй үйл ажиллагаа юм. Мөн хоёр тусдаа агуулгыг нэг дор, уялдаа холбоотойгоор авч үзэж буй онцгой, чухал үйл явдал мөн гэж бид үзэж байна. Монгол Улсын Их Хурлын нэн тэргүүний зорилго бол парламентын ардчиллыг бэхжүүлэх явдал юм. Ард түмний төлөөллийн байгууллагын хувьд Монгол Улсын Их Хурал ил тод, нээлттэй байж, иргэдийнхээ дуу хоолойг сонсож ажиллах үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд хүний эрх болон жендэрийн тэгш байдлыг бид бүрэн хангаж ажиллах учиртай. Энэ талаар бид ямар мэдрэмжтэй байж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангаж байгаагаа үнэлж, цаашид яаж сайжруулахаа тодорхойлоход парламентын өөрийн үнэлгээ чухал нөлөөтэй билээ. Монгол Улсын парламентад энэ үнэлгээг хийхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, нягт хамтран ажиллаж байгаа Олон Улсын Парламентын Холбоонд гүн талархал илэрхийлье. Тус холбоо дэлхийн улс орнуудын парламентуудтай хамтран ажиллаж, 2010 оноос Швед, Их Британи, Турк, Чили, Кени, Гүрж зэрэг 10 гаруй улсын парламентууд жендэрийн тэгш байдлыг хангаж буй байдалдаа өөрийн үнэлгээг хийхэд тусалсан юм. Энэ удаа Монгол Улсын Их Хурал жендэрийн мэдрэмжээ үнэлж буй 13 дахь парламент болж байгаа бол хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент болж байна. Олон Улсын Парламентын Холбоо бол дэлхийн парламентуудын өөр хоорондоо хамтран ажиллах, сайн туршлагаа солилцох боломжийг олгодог нөлөө бүхий институц билээ. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламентын ардчиллыг бататган бэхжүүлэх чиглэлээрх Монгол Улсын Их Хурлын хүчин чармайлтыг тус холбоо үргэлж дэмжин, тусалдагт талархаж байдгаа энэ индрээс илэрхийлэхэд таатай байна.
Энэ оны зургадугаар сард Монгол Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын даргын санаачилгаар Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Алтай дамнасан Тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Мартин Чунгонг мэндчилгээ ирүүлж, Монголын парламентын санаачилгыг дэмжсэнд дахин талархал илэрхийлье. Улс орнуудын парламентуудын нийтлэг ашиг сонирхлыг хангах Олон Улсын Парламентын Холбооны стратегийн зорилтын хүрээнд хоёр жилийн өмнө Монгол Улсын Их Хурлын даргын хувьд тус холбоонд хандаж хүсэлт тавьсны дагуу Харилцан ойлголцлын санамж бичигт 2022 оны 8-р сард гарын үсэг зурсан билээ. Энэ Санамж бичгийн хүрээнд хүний эрх, жендэрийн мэдрэмжийн өөрийн үнэлгээг хийж байгаа бөгөөд бидний хамтын ажиллагаа чухал үр дүнд хүрч байгаагийн илэрхийлэл нь болж байна. Бидний цаашдын олон талт, үр ашигтай хамтын ажиллагаа цаашид үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Хүний эрх гэдэг бол түгээмэл, салшгүй, хуваагдашгүй агаад, харилцан хамаарал бүхий цогц ухагдахуун юм. Ижил тэгш байх, үл ялгаварлах зарчим бол хүний эрхийн гол зарчим билээ. Тийм учраас жендэрийн тэгш байдал бол хүний эрхийн цөм асуудлуудын нэг юм. Монголын парламент хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангаж ажиллах талаар багагүй хүчин чармайлт гаргаж, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан, энэ тогтолцоог бүрдүүлсэн Ази, Номхон далайн бүс нутгийн анхны улс болсон хэдий ч илүү их үр дүн гаргаж ажиллах шаардлага байсаар байна.
Түүнчлэн энэ удаагийн Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдлэгч парламент байж, батлан гаргаж буй хууль бүхэндээ хүний эрхийг амин сүнс болгон тусгахаа зарлан тунхагласан. Иймд өөрийн үнэлгээгээ хийж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангаж, хамгаалж ажиллах мэдрэмж, чадвараа дүгнэн, цаашдын арга замаа тодорхойлох нь нэн чухал байгаа юм. Бидний түүчээлэн эхлүүлж байгаа энэхүү ажил дэлхийн аль ч парламентад туршлага, нэмэр тус болох аваас бид хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийлье. Энэхүү өөрийн үнэлгээнд оролцож, улс орныхоо ирээдүйн хөгжил дэвшил, нийгмийн ардчилал, шударга ёсыг хангаж, төрийн тогтолцоо, засаглалаа илүү сайжруулах бидний зорилгод хувь нэмрээ оруулж буй та бүхэнд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье. Монгол Улсад ардчилал, парламентат ёс төгөлдөршиж, хөгжил дэвшлийн сайхан ирээдүй цэцэглэх болтугай.