Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт xэрэг бүртгэлтийн 31.846, мөрдөн байцаалтын 3893 хэрэгт хяналт тавьж нийт 319 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 167, өмчлөх эрхийн эсрэг 90, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, хүрээлэн байгаа орчны эсрэг 11, авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
"Тайландад өндөр цалинтай ажил байна" гэх зар тараах байдлаар иргэдийг мэхэлсэн, хүн худалдаалсан гэх хэрэгт Б, Н нарыг Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.