Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргээр ял сонссон цагдаагийн ажилтан Сирул Азхар Умар нь Австрали улсад хоригдож байхдаа нэрээ нууцалсан хүнээс 1 сая ринггит /ойролцоогоор 286500 ам.доллар/ авсан талаараа ярьжээ. Тэрбээр уг хэргийн талаар ярихгүй байх нөхцлөөр улстөрчидтэй холбоотой, алдартай өмгөөлөгчөөр дамжуулан дээрх мөнгийг авсан гэв.
"Al Jazeera" агентлагийн "101 East programme" хөтөлбөрт ярихдаа, Сирул өөрийгөө улс төрийн тоглоомны утсан хүүхэлдэй болсон гэсэн байна. Түүнчлэн тэрбээр Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргээр Малайзад цаазын ял сонссон ч хэргийг үйлдээгүй гэж ярьжээ. "Олон жилийн турш манай улсын иргэд Ш.Алтантуяаг хөнөөх захиалга хэн өгснийг мэдэхийг хүлээж байна. Гэхдээ би үүнийг илчилж чадахгүй" гэж Сирул ярьсан байна. Гэхдээ тэрбээр Ш.Алтантуяаг хөнөөх захиалгыг нэртэй улстөрчөөс ирсэн гэв. Тэрбээр Малайз руу буцвал аюултай тул Австрали улсад үлдэж амьдрахыг хүсч байгаагаа ярьсан бөгөөд Ш.Алтантуяагийн гэр бүлийнхнээс уучлалт хүсчээ.
Ш.Алтантуяаг 2006 оны аравдугаар сард Малайзын Шах Алам ойд буудаж хөнөөгөөд биеийг нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн. Уг хэрэгт Малайзын ерөнхий сайд Нажиб Разакийн бие хамгаалагч асан, хоёр цагдаагийн ажилтныг буруутган баривчилсан нь Сирул болон Азила Хадри нар юм. Тэднийг 2009 онд хүн амины хэрэгт ялласан боловч Давж заалдах шатны шүүх 2013 онд суллах шийдвэр гаргасан.
Прокуророос дахин давж заалдах шүүхийн үйл явцын үеэр Сирул нь Австрали руу зугтсан бөгөөд Холбооны шүүхээс түүнийг хэрэгт яллаж, цаазын ялыг хэвээр үлдээсэн. Сирулыг Австралийн цагаачлалын алба 2015 оны нэгдүгээр сард саатуулсан боловч цаазын ял сонссон сэжигтнийг эх оронд нь буцаахгүй байх бодлогын улмаас хууль бус цагаачдыг хорих төв хорьж байв. Гэвч Австралийн Дээд шүүх түүнийг тодорхойгүй хугацаагаар хорих шийдвэрийг хүчингүй болгосноор арваннэгдүгээр сарын 8-нд суллагдсан.
Түүнчлэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт улс төр судлаач Абдул Разак Багиндаг мөн ялласан боловч шүүхээс нотлох баримтгүй гэж үзэн 2008 оны аравдугаар сарын 31-нд сулласан байдаг.