Сүүлийн жилүүдэд романс залилан манайд газар аваад байгаа.
Гаднын улс орнуудаас монгол эмэгтэйчүүдтэй цахимаар харилцаа тогтоож итгэлийг нь олж аваад залилдаг гэмт хэрэг дэлгэрээд байгаа юм. Наад захын жишээ л гэхэд "0" гэх эмэгтэй АНУ руу 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллар шилжүүлсэн тухай гомдол ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд бүртгэгдсэн.
Яг ийм төрлийн залиланд өртсөн эмэгтэйчүүдээр Мөрдөн байцаах албаны хүлээлгийн танхим бараг дүүрчхээд байна. Цагдаагийн байгууллага энэ төрлийн залилангаас урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг цаг тутам хүргэж ажилладаг ч бодит үр дүн гарахгүй байгааг саяхны нэгэн харамсалтай жишээ харуулав.
Эх сурвалжийн хэлж байгаагаар тухайн эмэгтэй нь малчин бөгөөд нөхөр болон сургуулийн насны гурван хүүхдийн хамт амьдардаг байсан гэнэ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт сургалтад суухаар Баянхонгор аймгийн төвд ирсэн үедээ амиа хорлосон байдалтай олджээ. Хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна. Талийгаачийн тухайд ойр тойрны хүмүүсээсээ их хэмжээний мөнгө зээлсэн байсныг эх сурвалжууд онцолж байгаа юм.Тэрбээр хаяг байршил нь тодорхой бус иргэнтэй фэйсбүүкээр харилцаж залилуулсан байна.