УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын “Вестернхолд”, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын “Монцемент”, УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбатын “Эрэл” компаниуд 36.5 тэрбум төгрөгийн гаалийн татвараа төлөлгүй бултсан байна. Засгийн газраас 2014-2020 онд нэр бүхий дөрвөн аж ахуйн нэгжийн гаалиар оруулж ирсэн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн татвар болох 41.8 тэрбум төгрөгийн төлөх хугацааг хоёр жилийн хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргаж байжээ.
Гэвч “Монцемент билдинг материалс”, “Вестернхолд”, “Эрэл”, Төрийн орон сууцны корпораци (ТОСК) өнгөрсөн хугацаанд ердөө хоёр тэрбум төгрөгийн гаалийн татвар төлж барагдуулсан талаар албаны эх сурвалж мэдээлэв.
Одоогоор дээрх дөрвөн компани нийт 39.8 тэрбум төгрөгийн гаалийн албан татвараа төлөлгүй хойшлуулсаар байгаа аж. Үүнээс 3.3 тэрбум төгрөг нь төрийн өмчит ТОСК-д ногдож байгаа. Тиймээс эргэж олдох магадлал маш бага.
Үлдсэн 36.5 тэрбум нь хувийн хэвшлийн гурван компанийн татварын өр. Тэр дундаа цементийн үйлдвэр байгуулсан “Вестернхолд”, “Монцемент билдинг материалс” гэсэн 2 компанид 31 тэрбум төгрөг нь ногдож байгаа. Тэгвэл энэ 3 компаниас “Монцемент билдинг материалс” ганцаараа хоёр тэрбум төгрөгийн төлөлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын “Вестернхолд” 10.6, УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбатын “Эрэл” компани 5.5 тэрбум төгрөгийн гаалийн татварын өрөө огт төлөөгүй.
Гаалийн татвараа төлөөгүй компаниудыг аваад үзвэл:
Засгийн газраас дээрх компаниудад улсын чанартай томоохон төсөл хэрэгжүүлж байгаа гэдэг шалтгаанаар гаалиар оруулж ирсэн техник, тоног төхөөрөмжид ногдуулах ёстой гаалийн татвар төлөх хугацааг хоёр жилээр сунгаж ирсэн. Тэгвэл эдгээр дотроос “Вестернхолд”, “Монцемент билдинг материалс” компаниудын гаалийн албан татварын төлөлтийг чөлөөлөхөд Зам, тээврийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нарын улс төрд нөлөө бүхий эзэд нь нөлөөлсөн байх магадлалтай харагдаж байгаа. Учир нь Засгийн газраас “Монцемент билдинг материалс”-ийн гаалийн татварын төлөлтийг гурав дахь удаагаа хойшлуулсан 2017 онд тус компанийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. “Вестернхолд” компанийн гаалийн татварын эргэн төлөлтийг хойшлуулсан 2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мөн л УИХ-ын гишүүний дархан эрх эдэлж байсан юм.
“МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС”, “ВЕСТЕРНХОЛД”, “ЭРЭЛ” КОМПАНИУД ХӨГЖЛИЙН БАНКНААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВСАН
Өөр нэг асуудлыг эргэн сануулахад, “Монцемент билдинг материалс”, “Вестернхолд”, “Эрэл” компаниуд бүгд Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан байдаг. Хууль хяналтын байгууллагаас Хөгжлийн банкны гэх дуулиант хэргийг шалгахад С.Бямбацогт, Ц.Гарамжав, Б.Эрдэнэбат нарын нэрс тэргүүн эгнээнд бичигдэж явсан. Тэднийг Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлтэй хэрхэн холбогдсоныг товч хүргэе.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын “Нью прогресс” группийн охин компани “Вестернхолд” 2019 онд Хөгжлийн банкнаас 28 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан. "Вестернхолд" компанийн захирлаар С.Бямбацогтын төрсөн дүү С.Балжинням ажилладаг. Тус компани Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлж дуусгаагүй. Зээлийн үлдэгдэл нь 22.8 сая ам.доллар байна.
Тус компанийг Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авах УИХ-ын гишүүн буюу улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан С.Бямбацогт үүнд “Вестернхолд”-ийг Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлөөгүй гэдгээ хаана ч бардам хэлнэ” гэдэг тайлбар өгч байлаа.
УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын “Монцемент билдинг материалс” компани 2014 онд Хөгжлийн банкнаас 65 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан байдаг. Тус компани Хөгжлийн банкны зээлээ 2023 оны наймдугаар сард төлж барагдуулсан. Тус компанийн зүгээс зээлийн эргэн төлөлтийг зээл авсан даруйдаа 2015 оны нэгдүгээр сараас эхлэн төлж нийт 40 гаруй удаагийн тасралтгүй эргэн төлөлт хийж, зээлээ хаасан хэмээн мэдээлсэн.
Ц.Гарамжав энэ талаар “Цаг хугацаагаар нь авч үзвэл улс төрийн нөлөөлөл ороогүй гэдэг нь нотлогдоно. Би 2016-2020 онд УИХ-ын гишүүн байсан. 2012 онд сонгуулийн өмнө УУХҮ-ийн дэд сайдын ажлыг зургаан сар хийсэн. Манайх зээлээ 2014 онд авсан. Тиймээс би үүнд нөлөөлөх ямар ч боломжгүй” хэмээсэн.
УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбатын “Эрэл” компани Хөгжлийн банкнаас 2013 онд 14 сая ам.доллар, 2014 онд 13.1 сая евро, 2015 онд 9 сая ам.доллар буюу санхүүжилт олгох үеийн албан ханшаар тооцвол 72.6 тэрбум төгрөг зээлж байжээ. Гэвч “Эрэл” компани нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд шүүхээс 173 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан юм.
Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас авсан хөнгөлөлттэй зээлээ эргэн төлж чадаагүйдээ “Засгийн газрын хоёр тогтоол хэрэгжээгүйн улмаас өнөөдөр ийм байдал үүссэн” гэдэг тайлбар хэлсээр байгаа.