АТГ-аас УИХ-ын гишүүн асан, “Ажнай” Д.Бат-Эрдэнийг “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалсан УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хороо "Нүүрсний сонсгол"-ыг зохион байгуулж байна. Өнөөдрийн /2023.12.04/ нээлттэй сонсголд "Ажнай" Д.Бат-Эрдэнэ нарын 22 хүнийг гэрчээр дуудаад байгаа юм.
Шинжээчийн дүгнэлтээс харахад орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг томилохдоо хууль зөрчсөн байна. Тэрбээр 2009 оны тавдугаар сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийг хүртэл "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллажээ.
Түүнийг ажлаа өгснөөс хойш "Таватолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга таван удаа солигдсон байна. Тэдний дунд "Ажнай" Д.Бат-Эрдэнийн үеэл болох нь тогтоогджээ. Б.Түвшинбаяр 2012 оны дөрөвдүгээр сарын 30-наас 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хүртэл, 2021 оны гуравдугаар сарын 4-нөөс 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт хоёр удаа ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллажээ.
Түүнчлэн "Ажнай" Д.Бат-Эрдэнийн хамаатан болох Ц.Цэцэг-Өлзий нь 2013 онд "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байжээ. Үүнээс гадна түүний туслахаар ажиллаж байсан Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 2014-2020 он хүртэл зургаан жил "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан байна.
Р.Сэддоржийн хувьд "Нүүрсний хулгай"-н хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд өнөөдрийн сонсголд ч гэрчээр дуудагдсан билээ. Тэгвэл шинжээчийн дүгнэлтэд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 2019 онд 353.9 сая төгрөгийн урамшуулал авчээ.