Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорьж байгаа билээ. Цагдан хоригдож байх үед биеэр нь тууралт гарсан, хумс хуруу хөхөрсөн зэрэг эрүүл мэндийн шинж тэмдгүүд үүссэн байсан билээ. Тэгвэл Б.Ганхуяг нь долоо хоногийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар ШШГЕГ-ын зөвшөөрлөөр хэвтэн шинжилгээ өгсөн байна. Шинжилгээрээ түүний цуснаас хүнцлийн хордлого үхлийн хэмжээгээр илэрсэн гэж түүний хүргэн ах Д.Пүрэвдорж мэдээлэв.
Тэрээр "Б.Ганхуягийн үснээс 9.6 хувийн хүнцлийн хордлого илэрсэн. Энэ бол маш өндөр дүн бөгөөд үхэлд хүргэх эрсдэлтэй. Мөн үс, шээс, цуснаас хар тугалга илэрсэн. Хүнцлийн хор бол химийн маш хүчтэй хор бөгөөд гадны нөлөөгөөр хордсон гэж үзэж байна. Түүнийг хүнцлээр хордуулсан байна. Энэ хор зургаан сарын хугацаанд эд, эсийг нь аажмаар идэж, улмаар үхүүлдэг хор" гэлээ.
Мөн Б.Ганхуягийн төрсөн эгч Нарантуяа "Б.Ганхуягийн биеийн байдал маш муу. Хоол идсэний дараа бөөлжис цутгадаг гэсэн. Амыг нь барихын тулд түүнийг хордуулсан юм уу. Хүнцэл гэдэг хор хүний биед байх ёстой хэмжээнээс хэд дахин их гарсан бэ гэдгийг судалсан. Б.Ганхуягийн цусанд хүний биед байх ёстойгоос 9200 дахин их хүнцэл илэрсэн. Шинжилгээний хариуг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Хамгийн гол нь үхэх эрсдэлтэй байна" хэмээн уйллаа.
-Түүнийг шоронд байх үед нь хордуулсан гэж бодож байна уу?
Хүргэн ах Д.Пүрэвдорж: Есдүгээр сарын 12 хүртэл түүний бие зүгээр байсан. Нэг ч удаа эмнэлэгт хэвтээгүй. Тэр ноцтой мэдэгдэл хийснээс хойш долоо хоногийн дараа бие нь муудсан. Бид арай ч хордуулаагүй байх гэж бодсон. Гэтэл шинжилгээний хариу гарч ирлээ. Лабораторийн шинжилгээг арваннэгдүгээр сарын 21-нд өгч, 30-нд хариугаа авсан. Түүнийг санаатайгаар хордуулсан гэж үзэж байна. Бидний хардлагаар түүнийг сонсголд оролцуулж үгийг нь сонсгохгүй, сонсголоос өмнө бурхан болгочихъё гэсэн бололтой гэлээ.