Олон улсын сэтгүүлчдийн холбооны албан ёсны цахим хуудас zarig.mn-ын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн баривчлагдсан тухай онцлов. Түүнийг шүүхийг үл хүндэтгэж, худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр баривчлагдсан гэжээ. Тус холбоо болон холбооны Монгол дахь салбар байгууллага "Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбоо" Н.Өнөрцэцэгийг нэн даруй суллахыг шаардаж байна.
Олон улсын сэтгүүлчдийн холбооны мэдээг доор орчуулан хүргэж байна.
Н.Өнөрцэцэгийг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баривчлахыг Монголын хэвлэл мэдээллийн ажилтнууд zarig.mn-ын редакцийн байранд гэрчилсэн юм. Шүүх хурлын үйл явцыг хүнлэг бус үйлдэл гэж Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн. Үүний дараа түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар шүүхийг үл хүндэтгэж, худал мэдээлэл тараасан гэж үзэн буруутгажээ. Сонгинохайрхан дүүргийн шүүхэд арванхоёрдугаар сарын 1-4-ний өдрүүдэд болсон шүүх хурлаар Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих прокурорын саналыг дэмжсэн. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 29-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьсан билээ. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт zarig.mn цахим хуудсанд нэвтрэх эрхийг хааж, тус хуудсыг хууль бус домэйн нэрийн жагсаалтад оруулсан байна.
Редактор, редакцийн үйл ажиллагааг хязгаарласантай холбогдуулан Н.Өнөрцэцэг болон zarig.mn-ын сэтгүүлчид арванхоёрдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Харилцаа холбооны зохицуулах хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар болон Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын шаардлагын дагуу zarig.mn цахим хуудсыг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр хаасан.
Н.Өнөрцэцэгийг 2019 онд 12, 2020 онд дөрвөн удаа тус тус бусдын нэр төрд халдсан хэргээр буруутжээ. Эдгээр нь бүгд түүний мэдэгдэлд нэр дурдагдсан улстөрчдийн санаачлагаар хийсэн ажил аж. Ихэнх хэргийг амжилттайгаар шийдэж чадсан ч түүнд 800 орчим ам.долларын торгууль ногдуулсан хэвээр байна. Энэ нь Монголын дундаж сэтгүүлчийн хоёр сарын цалинтай дүйцэхүйц мөнгөн дүн юм.
Арванхоёрдугаар сарын 8-нд болсон шүүх хуралд Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид оролцож, суллах хүсэлтийг шүүхэд гаргажээ. Мөн мөрдөн байцаалтын явцад хуулийн зарим зүйл заалт зөрчигдсөн байж болзошгүй, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг зориудаар хурдасгасан гэж үзэж байна гэжээ.
Сэтгүүлчийн мэргэжлийн үүргээ биелүүлэх чадавхийг нь хязгаарлах зорилгоор Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг ашиглаж байна гэж хэвлэлийнхэн үзсэн. Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм. Энэ цагаас хойш олон сэтгүүлч гэмт хэрэгт буруутгагдаж байна.