ЭМЯ-наас өнөөдөр /2023.12.19/ томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: Томуугийн вирусийн идэвхжил дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын улс орнууд ялангуяа Европ, Төв Ази, Хойд Америк, Зүүн болон баруун Азийн улс орнуудад эрс нэмэгдэж байна. АНУ-д томуу, амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэж улирлын босго үзүүлэлтээ давсан байна. Зүүн Азийн улс орнууд болох БНХАУ, БНСУ зэрэг улс орнуудад томуугийн А хүрээний H1N1, H3N2 вирусийн тархалт давамгай тархаж байгааг ДЭМБ-аас мэдэгдсэн. Манай улсад томуугийн А хүрээний H3N2, реновирус, SARS-CoV-2 вирус эргэлтэд байгаа нь бага насны хүүхэд хүндрэх үндсэн шалтгаан болж байна.
2023 оны 49-р долоо хоногийн мэдээгээр амбулаториор 274 мянганг хүн үйлчлүүлсний 7.1 хувь буюу 19.4 мянган хүн томуу, томуу төст өвчнөөр оношдуулсан нь өмнөх долоо хоногоос 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийт түргэн тусламжийн дуудлагын 23.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногоос 4.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Улсын хэмжээнд томуугийн тархалтыг таван түвшинд авч үздэг. Улаанбаатар хотын хэмжээнд тархалт 3-р түвшин буюу алаг цоог тархалтын түвшинд шилжсэн байна. Улсын хэмжээнд 8854 хүн томуугийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 25.9 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 3.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.