НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр:
-НИТХ-аар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Энэ нь татвар нэмэх биш, бууруулах тухай юм. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг мөн батлуулах гэж байгаа. Аж ахуйн нэгжүүдтэй удаан хугацаанд хэлэлцээр хийсний үр дүнд шинээр орж ирсэн автобуснаас 350-ийг нь хувийн хэвшилд долоон жилийн хугацаанд лизингээр өгөхөөр болсон. Энэ дагуу баталгаа авч, сар болгон эргэн төлөлтийн хувь хэмжээг тохироод явж байна. Журмыг батлуулж чадвал, энэ жил саарал автобуснаас эргэн төлөлт болох 25 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. Дараа жил мөн энэ хэмжээний мөнгө төвлөрүүлнэ. Цаашид энэ сангаасаа автобус худалдаж авдаг болох юм.