ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өчигдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл, тайлбар өглөө. Энэ үеэр тэрээр "Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулсан хөрөнгийг хууль бусаар булааж авсан, хохироосон гэх асуудлаар хоёр жилийн өмнө Х.Нямбаатар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гаргаж, ажилласан.
Одоо хүртэл ажиллаж байна. Үүний үр дүнд 50 гаруй гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон гэх асуудлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Энэ ажлын хүрээнд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хятадуудад үйлчиллээ гэдэг төлбөртэй, цаанаа том хэмжээний санхүүжилттэй гүтгэлэг түгээсэн. Үүнтэй холбоотойгоор миний бие тайлбар хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орлоо.
Тэгэхээр Сүхбаатарын талбайн яг урд, хотын төвийн “А” зэрэглэлд байх 14 мянган метр квадрат “Ayud tower” гэх БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттаар барьсан офиссын барилгыг өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан гэдэг гомдол ирсэн. Засгийн газар хоёр удаа тогтоол гаргаж энэ компанийн асуудлаар ХЗДХ-ийн сайдад үүрэг, чиглэл өгсөн байдаг. Нэг нь Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн сайд байхад, нөгөө нь намайг сайдаар томилогдсоны дараа өгсөн юм.
Ингээд миний бие ХЗДХ-ийн сайдын хувьд Ажлын хэсэг гаргаж, шалгасан. Ажлын хэсэг илтгэх хуудас, дүгнэлтээ гаргаж надад танилцуулсан. Энэ шалгалтын дүнгээр олон ноцтой асуудал тогтоогдсон. АТГ, цагдаагийн байгууллагад тухайн компани гомдол гаргаж, найман удаагийн эрүүгийн хэрэг үүсгэгдсэн ч дөрөвт нь хэрэг үүсгэхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, энэ асуудалд манай маш олон хуулийн байгууллагын албан тушаалтнуудын оролцоотой хэрэг. Цаанаа эрх бүхий хүний нөлөөтэйгээр зохион байгуулалттайгаар хийгдсэн ажиллагаа байна гэж үзэхэд хүрч байна. Тиймээс албан даалгавар гаргаж, улсын бүртгэлийн байгууллага, хил хамгаалах байгууллага, нотариатын байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцсон. Намайг албан даалгавар гаргаж тэр хүмүүст хариуцлага тооцлоо гэж Хятадын талд үйлчиллээ гэдэг байдлаар гүтгэлэг явуулж байна" гэлээ.