2023 оны IV улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлого 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 417 мянган төгрөгөөр буюу 24 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин 2015 оны үнээр илэрхийлэгдсэн дүнгээр сарын дундаж бодит орлого 1.2 сая төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэсээ 156 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлогын 55.7 хувийг бүрдүүлж буй цалин хөлс өмнөх оны мөн үеэс 105 мянган төгрөгөөр өссөн нь гол нөлөөг үзүүлжээ.
Өрхүүдийг орлогоор нь аваад үзвэл хамгийн их хувь буюу 33.3 хувь нь сарын 1.6-3 сая төгрөг, 31 хувь нь 700 мянгаас 1.6 сая төгрөг, 22.9 хувь нь гурван сая төгрөгөөс дээш орлоготой байгаа бол 700 мянгаас доош орлоготой өрх 12.8 хувийг эзэлж байна.
Түүнчлэн өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.9 хувиар, өмнөх улирлаас 2.1 хувиар буурсан байна. Орлоготой харьцуулахад зардал бага зэрэг бага байгаа аж. Зардал өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийт зарлагын 20 орчим хувийг хүнсний бараа бүтээгдэхүүн эзэлжээ. Хүнсний зарлагын 29.8 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 26.3 хувийг гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлж байгаа аж. Инфляц 2023 оны эцэст 7.9 хувьтай гараад байгаа бөгөөд инфляцын дийлэнхийг хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ бүрдүүлж байгаа юм.