Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:
-Улсын онцгой комиссын даргын тушаалаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн Улсын онцгой комиссын шуурхай штаб байгуулагдан үүрэг гүйцэтгэж, улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байна. Улсын онцгой комиссын шуурхай штаб төрийн 16 байгууллага, зарим олон улсын байгууллагын төлөөлөл 56 албан хаагч томилогдон үүрэг гүйцэтгэж, 24 цагаар ажиллаж байна. Улсын онцгой комиссын гурван хуралдаанаар гарсан шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 27-ны өдрөөс зэвсэгт хүчний 11 анги нэгтгэлээс 214 цэргийн алба хаагч, 21 нэгж техниктэйгээр Төв, Сүхбаатар, Дорнод аймгийн 15 суманд цасанд боогдсон, дарагдсан, хүндэрсэн малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дотоодын цэргийн штаб, хүн хүч техник гаргасан.
Өнөөдрийн байдлаар 118 өрхийн гэр, хашааг цаснаас гаргаж, 41 айл өрхийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна. Өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн онцгой комисст гамшгаас хамгаалах орон нутгийн алба мэргэжлийн ангиас өнгөрсөн өдрүүдэд 3963 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 5506 иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 1524 малчин өрхөд хоол хүнсний тусламж үзүүлэн, 57260 өрхөд өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулсан байна. Давхардсан тоогоор орон нутгийн онцгой комиссын мэргэжлийн байгууллагад 958 алба хаагч, 226 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид техник хэрэгсэл орон нутгийн онцгой коммисд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Давхардсан тоогоор 672 алба хаагч, 182 тээврийн хэрэгсэлтэйгээр орон нутагт 17 аймгийн 74 суманд үүрэг гүйцэтгэж айл өрхүүдэд өвс тэжээл, хүнс түлш хүргэж өгөх зам гаргах ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. 15 аймгийн хэмжээнд зам дагуу хаагдсан айл өрхүүд рүү зам гаргах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. 14 аймгийн 54 суманд нэмэлтээр аж ахуйн нэгж, байгууллагуудаас 49 хүнд техникийг дайчлан ажиллаж байна.
Сүхбаатар Хэнтий, Дорноговь, Төв, Архангай, Дорнод, Хөвсгөл зэрэг аймагт малын хорогдол хамгийн их байна.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит компани дээр хадгалагдаж байгаа тэжээлийн улаан буудайг аймаг орон нутаг руу хоёр дахь ээлжийн түгээлт болгон хүргэх ажиллагаа явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 12 аймаг гэрээгээ байгуулж татан авалтуудыг эхэлсэн байна. Баянхонгор, Булган, Дорнод, Хэнтий, Төв, Завхан, аймгууд татан авалтаа хийж, нийтдээ 2700 тонн тэжээлийн буудайг аймаг орон нутаг руугаа татан авах ажиллагааг зохион байгуулсан байна.
Нэн хүндэрсэн аймгуудад улсын нөөцөөс засгийн газрын шийдвэрийн дагуу гурил, цагаан будаа аймагууд руу тээвэрлэн хүргэх ажиллагааг зохион байгуулж байна. Одоогоор Хөвсгөл, Завхан, Увс, Хэнтий, Архангай, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймаг руу хүнсний тусламж очсон. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас хандивласан тусламжийн бараа бүтээгдэхүүнийг мөн аймаг орон нутаг руу хүргэх ажиллагаа зохион байгуулж байна. Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн 100 сумын Засаг даргын тамгын газарт тодорхой хэмжээний туулах чадвар сайтай автомашинууд яаралтай худалдан авч хүргэх ажиллагааг зохион байгуулсан.
Дараагийн ээлжинд эрүүл мэндийн байгууллагууд, сумын эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай машин олгох ажиллагааг зохион байгуулж байна. Нийтдээ 60 суманд машин өгнө. Өнөөдрийн байдлаар улсын онцгой комисст 41 иргэн, 22 аж ахуй. нэгж байгууллага, 54 төрийн байгууллага, 18 төрийн бус байгууллага болон гадаадын нэг байгууллагаас нийтдээ 2.9 тэрбум төгрөгийн мөнгөн хандив цугласан байна. Мөн 773.1 сая төгрөгийн бараа материал Улсын онцгой комисст цугласан байна. Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд, олон улсын манай улсад үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн багуудаас нийтдээ 3.2 сая ам.долларын санхүүжилтийг босгосон. Цаашид нэмж босгохоор ажиллаж байна. Эхний санхүүжилтээр боссон тусламжийг 11 мянга гаруй өрхөд олгохоор ажиллаж байна гэв.