Энэ сарын 04-ны өдөр /2024.03.04/ Багануур дүүрэг дэхь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжиж байсан Х.Хонгорзул, Б.Ганчулуун нар нь оргосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдний нэгийг удалгүй Багануур дүүргээс баривчилсан бол нөгөөхийг нь энэ сарын 05-ны шөнө 02.00 цагийн үед Хэрлэн голын гүүр орчмоос олсон.
Түүнийг эрлийн багийнхнаас нуугдан зам дагаж явсаар нэгэн хонхорт орж цасаар өөрийгөө хучин бүгж байхад нь хууль сахиулагчид баривчилсан байна. Өдгөө Х.Хонгорзул, Б.Ганчулуун нарыг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн 21.11-т заасан“хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан” гэх заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж.
Шүүгдэгчдийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар нэмж шийтгэх ажээ.