Нийслэлийн Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн багш зургаан настай сурагчаа зодож, гэмтээсэн хэрэг гарсан.
Тодруулбал, хоёрдугаар сарын 28-нд тухайн багш сурагчид гар хүрчээ. Улмаар зургаан настай охины хамрын таславчийг гэмтээж, хамрын савхан яс нь цуурсан гэх онош тогтоогджээ. Улмаар охин хичээлдээ явж чадахгүй байгаа талаар ар гэрээс нь мэдээлсэн юм. Энэ талаар 133 дугаар сургуулийн сургалтын менежертээ холбогдож тодруулахад "Сурагчаа зодсон гэх багшийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Одоогоор багш ажлаа хийж байна. Хэрвээ цагдаа, хуулийн байгууллагаас буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцох асуудлыг ярина. Тухайн анги 44 сурагчтай. Бид өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэжээ.