Ирэх жилд хичээлийн тоог цөөлнө гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Тодруулбал, тэрбээр “ “Цөм” хөтөлбөр хэрэгжиж байна. Нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжихийн тулд судалгаа хийх ёстой.
Монгол хүүхдийн үзэж буй хичээл олон, ачаалал их учраас бид дараагийн хөтөлбөрт шилжихээр ажиллаж байгаа юм. Одоо үзэж буй хөтөлбөрүүд сонирхолгүй, агуулга тааруу учраас хүүхдүүд анги дэвших тусам хичээл судлах сонирхолгүй байгаа нь судалгаагаар батлагдсан. Тийм учраас бид ирэх есдүгээр сарын 01-ны өдрөөс сургуулийн өмнөх болон Бага ангийн хичээлийн хөтөлбөрийн шинэчлэлийг хийнэ. 2025 оноос дунд болон ахлах ангийнхны хичээлийг шинэчилнэ” гэлээ.
-ИРЭХ ЖИЛЭЭС ГУРАВДУГААР АНГИАС АНГЛИ ХЭЛИЙГ ҮЗЭЖ ЭХЭЛНЭ-
Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хичээлийн хөтөлбөрийг хэрхэн, яаж шинэчлэхээр ажиллаж буй тухай мэдээллийг хүргэж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар яг одоогийн байдлаар албаныхан хичээлийн хөтөлбөрийн шинэчлэлийн ажил дээр судалгаа хийж, сууж ажиллаж байгаа аж. Тэгэхээр эцсийн байдлаар батлагдаагүй гэсэн үг. Боловсролын ерөнхий хуулийн өөрчлөлтийн дагуу ирэх хичээлийн жилээс гуравдугаар ангиас англи хэлийг оруулахаар салбар яамнаас ажиллаж байна. Мөн дунджаар 3-6 хичээлийг цөөлнө. Ингэхдээ хичээлийг шууд хасчих бус ижил агуулгатай хичээлүүдийг нэгтгэж, давхардыг арилгах аж. Мөн тавдугаар ангид үзсэн хичээлийг зургаадугаар ангид бататгахаар ордог байдлыг болиулах юм байна. Өөрчлөгдөхгүй хичээлүүд нь байгалийн шинжлэх ухааны суурь хичээлүүд байх аж. Ингэснээр хичээлийн тоо цөөрч бага ангийн сурагчдын ачааллыг багасгаж, дунд ангийхныг хэвийн, ахлах ангийхныг сонголттой болгоно гэж тооцжээ.
Харин нэмэгдэх хичээл нь IT технологи, кодинг байх бөгөөд чадамж, өв соёл, түүх уран зохиол, эх хэлийг чухалчлан хичээлийн хөтөлбөрт оруулах нь.
Энэ мэт агуулгаар хөтөлбөрт өөрчлөлт оруулж цэгцэлсний дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дараа нь албан ёсоор нэвтрүүлнэ гэдгийг эх сурвалж мэдээллээ.