АНУ-ын прокурорын цахим хуудсан дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын Нью-Йорк дахь хууль бус үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээлэл тавигджээ.
Тодруулбал, АНУ-ын Нью-Йорк хотын 21 East 61st Street and 230 West 56th Street дээр байрлах нийт 14 сая доллараар худалдаж авсан тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг хураахыг хүссэн иргэний гомдлыг АНУ гаргажээ. Учир нь Сү.Батболд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үед итгэмжлэгдсэн зуучлагчаараа дамжуулан эзэмшиж байсан “Катрисон” (Cartison) компанид 68 сая ам.долларын ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан гэж иргэний нэхэмжлэлд дурдсан байна. Энэ гэрээг авахаас өмнө “Катрисон” компани үйл ажиллагаа явуулсан түүх байхгүй, уул уурхайн салбарын туршлагагүй, ашигт малтмал борлуулах санхүүгийн болон логистикийн дэд бүтэцгүй байсан бөгөөд түүний цорын ганц захирал нь хэл шинжлэлийн багш байжээ. Дараа нь уул уурхайн гэрээнээс олсон олон сая долларыг гадаадын банкны данс руу шилжүүлж, хэд хэдэн компаниар дамжуулж, үүний дотор Сү. Батболдын гэр бүл, тэр дундаа том хүүдээ зориулж Нью-Йорк хотын орон сууцыг худалдан авахад зарцуулсан гэж мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын Нью-Йорк хотын зүүн дүүргийн прокурор Бреон Пийс Ерөнхий прокурорын туслах, Хууль Зүйн Яамны Эрүүгийн хэлтсийн дарга Николь М.Аржентиери, Холбооны Мөрдөх Товчооны Нью Йоркийн салбар хариуцсан захирлын туслах Жэймс Смит нар хураан авах болсон талаарх мэдээллийг зарлаад “Монгол Улсын Ерөнхий сайд асан Батболд хууль бус авлига авч,олсон ашгаараа АНУ-ын холбооны хуулийг зөрчин дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. Өнөөдрийн хураан авах арга хэмжээгээр авлига авсан албан тушаалтнууд манай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг гэмт хэрэг үйлдэж, олсон орлогыг нуун дарагдуулахад ашиглаж болохгүй гэдгийг үүгээр сэрэмжлүүлж байна. Эрүүгийн хэлтэс албан тушаалын авлигаар олсон мөнгийг нөхөн төлүүлж, гэмт хэргээс олсон ашгийг хурааж авахын төлөө тууштай ажиллах болно” гэж мэдэгджээ.
Хэдийгээр “Катрисон” компани нь үйл ажиллагааны түүх, ашигт малтмалын чиглэлээр туршлагагүй байсан ч луйврын компаниудын нэг нь 30 сая ам.долларын олборлолтын гэрээ байгуулж, орлогыг нь Батболдын том хүүгийн хувийн хэрэгцээнд буюу автомашины төлбөр, аялал, интерьер дизайнер зэрэгт зориулан АНУ-ын банкны данс руу шилжүүлсэн байна.