Олон зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдөж, жолооч нар нь газар дээрээ амиа алдсан харамсалтай осол өнгөрсөн Баасан гаригт болсон. Хүнд хүмүүсийг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд шаардлагатай хүмүүсийг Улаанбаатар руу тээвэрлэж авч ирсэн юм.
Энэ талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тодруулахад "Осол гарсан тухайн үед хоёр хүн газар дээрээ нас барж, 18 хүн хүнд болон хүндэвтэр гэсэн оноштойгоор Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт анхны тусламж авсан. Ослын газарт нийт 41 хүн байсан бөгөөд хоёр хүн нь эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барж, бусад хүмүүсийг Төв аймгийн нэгдсэн эмнэлгээс Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч ирсэн.
Биеийн байдал нь маш хүнд хагалгаанд оруулах заалттай хоёр иргэнийг өнгөрсөн Баасан гаригт Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт үлдээж, бусад хүмүүсийг хот руу авч ирсэн. Харамсалтай нь, биеийн байдал нь маш муу байсан нэг хүн эмчлүүлж байгаад нас барсан.
Харин нөгөө хүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд Ням гаригт авч ирсэн. Нийт 28 хүнд анхан шатны тусламж үзүүлж, боолт хийж давтан үзлэг хийхээр буцааж, үлдсэн 10 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс эрчимт эмчилгээ, тархи толгой, гар сарвуу, нуруу зэрэг хавсарсан тасгуудад эмчилгээ хийлгэж байгаа.
Төв аймгаас биеийн байдал маш хүнд сүүлд хүргэгдэж ирсэн нэг хүний бие сайжраагүй байна" гэжээ.