Монгол Улсад тагнуул хийсэн гаднын нэг, эх орноосоо урвасан монголын гурван иргэнийг Тагнуулын байгууллагаас өнгөрөгч баасан гараг /2024.03.29/-т баривчилж, шалгаж эхэлсэн тухай мэдээлэл өмнө нь цацагдаж байсан.
Эдгээр гурван иргэний нэг нь хамба лам З.Санждорж байсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Түүнийг эх орноосоо урвасан буюу Х Богдын асуудалтай холбоотойгоор баривчлан шалгаж эхэлсэн байж магадгүй байна. Учир нь З.Санждорж өнгөрсөн оны гуравдугаар сар /2023.03/-д мэдээлэл хийж, "Далай лам “Халх Жавзандамбын хувилгаан энд заларч байна. Ойлгож байна уу” хэмээн хэлсэн. Түүнээс биш "X Богд" гэдэг үг хэлээгүй. Энэ талаар төв Гандангаас зөв ойлголт, мэдээлэл өгөх хэрэгтэй. X Богд Жавзандамба хутагтыг тодруулах нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө.
Далай лам өмнө нь IX Богдын дүрийг өөрийн хамаатнууд дотроос хүчээр тодруулсан. Тиймээс өнөөдөр бид X Богдын дүрийн асуудалд ач холбогдол өгөх нь утгагүй. 1939 онд Өвөр Монголд тодорсон Богдын хойд дүр 1970-аад онд жанч халсны дараа хаа нэгтэй төрчихөөд өдгөө жирийн амьдралаар амьдарч яваа бол яана. Өөрөөр хэлбэл, та бид Богдоо танихгүй, будилж яваа юм биш биз" гэх агуулгатай зүйлийг мэдээлж байсан юм.