Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөр /2024.04 03/ Дарханы замын асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатараас 80, 81 дэх километрийн хооронд ус зайлуулах хоолой байдаг. Хоолойны нэг шанааг шар усны үер орж ирж угаасан. Нөгөө талаасаа ЗТХЯ-тай гэрээ байгуулсан олон улсын тендерт шалгарсан зөвлөх компани гүйцэтгэгчийн ажилд бүрэн хяналт тавина. Зөвлөх компани гүйцэтгэгчийн хийсэн ажлыг боллоо гэж үзвэл хүсэлтээ бичиж, санхүүжилтээ авдаг. Зөвлөх компани захиалагчийн эрх ашгийг бүрэн хариуцаж, ажиллана гэсэн үг. Өглөө гүйцэтгэгч болон зөвлөх компанийн төлөөлөл, төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн газар дээр очиж ажилласан.
Надад тайлбар хэлж, зураг явуулсан. Замын хажуу талын шанааг шар усны үер их угаасан байна гэсэн. Би бол газар дээр нь үдээс хойш очно. Урьдчилсан байдлаар харахад, нийтлэг алдаа байна.
Тэр нь замаар зорчиж байхад гүүрний хоёр тал буюу ус зайлуулах хоолойн хоёр тал суулт өгдөг. Тэр юу гэхээр ус зайлуулах хоолой, гүүрийн хоёр талын шанааг буцаан дүүргэлт хийхдээ технологийн алдаа гаргадаг. Далангийн бетоны нягтаршуулалт муу байна гэсэн үг. Газар дээр очиход бүх асуудал тодорхой болно. Улсын комисс хүлээн аваагүй байхад аливаа эвдрэл гэмтэл үүсвэл гүйцэтгэгч компани 100 хувь өөрийн хөрөнгөөр хийнэ. Нөгөө талаар Улсын комисс авснаас хойш гурван жилийн хугацаанд замын эвдрэл үүсвэл баталгаат хугацаандаа гүйцэтгэгч бүрэн хариуцна. Одоо эвдрэлийг тус компани хийж байгаа гэж мэдэгдсэн" гэлээ.