Монгол Улсын иргэд 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс Бүгд Найрамдах Узбекистан Улсад визгүй зорчдог болсон билээ.
Тэгвэл энэ оны зургаадугаар сарын 3-наас Узбекистан Улсын иргэд Монгол Улсад визгүй зорчихоор боллоо. Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин энэ сарын 2-3-ны өдрүүдэд Узбекистан Улсад айлчлал хийсэн юм. Тус айлчлалын үеэр Узбекистаны иргэд Монголд визгүй зорчдог болох хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Энэ нь хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн хэрэгцээ, зах зээл өсөхөөс гадна автотээврийн жолооч нарын хувьд хоёр орны хооронд болон гуравдагч улсаар дамжин тээвэрлэлт хийхэд визний хөнгөлөлт нь чухал дэмжлэг болно гэж албаны хүмүүс мэдээллээ.