Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулуу, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа.
Тодруулбал, Улсын дээд шүүх өчигдөр буюу тавдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн 1116 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн 271 дүгээр магадлалтай, Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг шүүгдэгч Н.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Ч.Отгочулуу, түүний өмгөөлөгч Б.Баяраа болон хохирогч, иргэний нэхэмжлэгч "Хөгжлийн банк" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, Э.Саранболор нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн байна. Улмаар уг гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.
Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад хоёр жилийн хорих ял, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарт 20 сая төгрөгөөр торгох ял оноосон нь хэвээр үлдлээ.