ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонгосон талаар өнөөдөр /2024.05.20/ мэдээллээ. Тус намын төлөөлөх зөвлөлийн хурал хоёр хэсэгтэй болж байна. Эхний хэсэгт 13 тойргийн нэр дэвшигчийг батлах хэсэг сая болж өнгөрлөө.
ХҮН намын дарга Т.Доржханд:
-Өнөөдөр Монголын улс төрийн намууд, ялангуяа парламентад бүртгэлтэй намуудын хувьд шийдвэр гаргах онцгой өдөр. ХҮН намын хувьд хурлаа амжилттай зохион байгуулж байна. Хурал хоёр үе шаттай болно. Нэг нь 78 нэр дэвшигчтэй тойргийн төлөөлөл, хоёр дахьн 48 нэр дэвшигчтэй жагсаалт гэсэн хэлбэрээр явна. Бид 78 нэр дэвшигчээ баталгаажууллаа. Энэ удаагийн сонгуулиар ХҮН намын зүгээс 126 салбар бүрийн мэргэжилтнүүд дэвшүүлэхээ зарласан.
ХҮН намын нэр дэвшигчдийн 70 хувь магистр, докторын зэрэгтэй, үлдсэн 30 хувь нь бакалаврын боловсролтой. Нийт нэр дэвшигчдийн 46 хувь нь эмэгтэй, 54 хувь эрэгтэйчүүд байна. 126 гишүүний асуудал, 48 жагсаалтыг нэрсийг одоо үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Нэр дэшигчдийн 50 хувь нь баруунд өндөр боловсрол эзэмшсэн. Дундаж нас 43.
ХҮН намаас нэр дэвших 220 хүсэлт ирснээс хамгийн өндөр боловсрол, эрэлттэй мэргэжилтэй 78 төлөөлөгчийг бид сонгосон.
Мэргэжлийн байдлаар ангилж үзвэл багш судлаачид 23 хувь, инженер, мэдээллийн технологийн салбарын 23 хувь, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн салбарынхан 18 хувь, санхүү, эдийн засгийн салбарынхан 15 хувь, хууль эрх зүй, гадаад харилцааны мэргэжилтнүүд 13 хувь, эм, эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд найман хувь, хөдөө аж ахуй, байгаль орчин, батлан хамгаалах болон соёл урлагийн салбарынхан үлдсэн хувийг эзэлж байна. Үүгээрээ ХҮН нам салбар бүрийн мэргэжилтнүүдийн төлөөллийг сонгосон гэсэн үг.