Соёлын сайд Ч.Номин УИХ-ын 2024 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвших эрхээ намаасаа аваад буй. Учир нь өнгөрөгч даваа гараг /2024.05.20/-т хуралдсан МАН-ын Бага хурлаас тус шийдвэрийг гаргасан юм.
Харин тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хорооноос мандатаа аваагүй, хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад "далд сурталчилгаа" явуулсан байж болзошгүй гэх шүүмжлэлд өртөөд буй. Тодруулбал, Соёлын сайд Ч.Номин Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдэд жүжгийн үнэгүй билет өгч, эцэг эхэд нь 2021-2024 онд Соёлын яамны хийсэн ажил гээд өөрийнхөө зурагтай сэтгүүлийг тараасан гэх мэдээлэл бий. Тэгвэл Соёлын сайд Ч.Номин сэтгүүл тараасан нь сонгуулийн хууль зөрчсөн эсэхийг гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг явуулж эхлээд байгаа ажээ.