Цагдаагийн байгууллагад 2024 оны тавдугаар сарын 28-ны шөнийн 03:42 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Энканто" хотхоны лифтэнд нүцгэн хүүхэд байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Мэдээллийн дагуу алба хаагчдаас тухайн хотхонд шуурхай очиж шалгасан байна.
Шалгалтаар 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд нүцгэн байсан бөгөөд алба хаагчдаас хүүхэдтэй яриа өрнүүлэх, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор харилцаа үүсгэхэд тухайн хүүхэд өөрийгөө хэн болох, гэр болон эцэг, эхээ заан өгөхгүй, харилцан ярьж хариу өгөхгүй байсан тул эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, яаралтай түргэн тусламжийн эмчид үзүүлэн, хүүхэд түр хамгаалах 108 төвд хүлээлгэн өгчээ.
Цагдаагийн алба хаагчдаас шалгалтыг шуурхай явуулж, эцэг эх асран хамгаалагчийг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгөөд байна. Одоогоор хүүхэд ямар шалтгааны улмаас гэрээсээ гарсан, тухайн асуудал үүссэн талаар шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ. Бага насны хүүхдийн биеийн байдал хэвийн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.