Сэтгүүлч Б.Отгон Соёлын сайдын аав “Гацуурт”-ын Чинбат соёлын өвийг ухахаар санаархаж буй тухай өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Энэ тухай тэрээр "Соёлын сайд, нэр дэвшигч Ч. Номингийн аав “Гацуурт”-ын Чинбат ашиглалтын 15 лиценз эзэмшдэг. Тэдний олонхи нь Архангайн Цэнхэр сумын Орхон голын эх, Өвөрхангайн Бат-Өлзийн ойн сан,усны сав газарт хамаардаг. Орхон голын эхэнд гэхэд 4 лиценз байна. Баянхонгор аймгийн Галуут сумын Өлзийт гол дээр Их тойруу нэртэй МY-022419 тоот алтны ашиглалтын лицензийг Ашигт малтмалын газраас “ Гацуурт” ХХК-д олгосон байна. Гэтэл энэ лиценз нь Бөөн цагаан нуур- Байдраг голын сав газар төдийгүй түүх соёлын дурсгалт газарт олгогджээ. Энэ газарт 2022 онд ШУТИС-ийн Археологи-угсаатны судалгааны баг хээрийн судалгааны ажил хийхэд уг лицензийн талбайг бүхэлд нь хамарсан Эртний Хүрэл зэвсгийн үе, Монголын эзэнт гүрний үед холбогдох 14 тооны дурсгалыг олж илрүүлжээ. Эдгээр дурсгалууд нь эртний нүүдэлчдийн ахуй соёл,оюун санаа, олон талыг тодруулан харуулах түүхэн ач холбогдолтой дурсгал гэдгийг тогтоон цаашид авран хамгаалах, малтлага судалгааны ажлыг гүнзгийрүүлэн хийх шаардлагатай гэж дүгнэжээ. Эрдэс баялгийн Мэргэжлийн зөвлөлөөс уг лицензийн талбайгаас олборлож болох алтны нөөцийг 51.7 кг гэж тогтоожээ.
Харин Гацуурт компани жилд 2.1 тэрбумын борлуулалт хийж, 1.4 тэрбумын зардал гарган 540 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэжээ. “Гацуурт” -ын Чинбатад хувьдаа 540 сая төгрөг олохын төлөө Монголын түүхэн дурсгалыг сүйтгэх эрх бий юу?
Үндсэн хуульд “ соёлын дурсгалт зүйл төрийн хамгаалалтад байна “ гэж заасан.
Соёлын сайд Ч. Номин өөрийнхөө аавын алтны төлөө соёлын өв устгах бузар санаархалыг эхлээд зогсоо. Л. Чинбатын гэр бүл Монголын олон гол, ойн сан газрыг ухаж баяжсан. Одоо ч цадаагүй. Соёлын яам, Эрүүгийн цагдаагийнхан ТВ-ээр соёлын өв хамгаална гэж хоосон ярихын оронд сайд Номингийнхоо аав Чинбатын Гацуурт компаниас соёлын өвөө хамгаал.
Салбарын сайд чинь өөрөө соёлын өв устгагч болчихоод байна" гэжээ.