Өнгөрсөн жилийн үер, үерийн далан сэтэлсний улмаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооллын Үйлдвэрчний 60, 61 дүгээр байрны B1 давхар бүхэлдээ үерт автсан. Улмаар уг гамшгийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон иргэд одоог хүртэл хохирлоо барагдуулж чадаагүй тул өчигдөр /2024.06.11/ Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийсэн.
Тодруулбал, Сэлбэ гол дагуух нийтийн эзэмшлийн орон сууцанд бизнес эрхэлдэг байсан 30 орчим иргэн, аж ахуйн нэгж өнгөрсөн 10 сарын хугацаанд төрийн холбогдох байгууллагуудад хандсан ч тусыг эс олжээ. Зарим иргэн 200-гаад сая төгрөгийн хохирол хүлээсэн бол зарим иргэн нь 70 сая орчим төгрөгийн хохирол ч хүлээсэн. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл аван бизнесээ хөдөлгөж байсан тул одоо зээлээ төлөх ч боломжгүй. Хэрэв татварын хөнгөлөлт эдлүүлэх, бага хүүтэй зээл олгох зэргээр дэмжлэг үзүүлбэл зээлээ төлөх боломжтой болно гэж үзэж байгаа юм.
Эл асуудлаар өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хандсан ч нааштай хариу хүлээж аваагүй байна. Уг нь тэд хохирлоо барагдуулна гэхээс илүү татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээлд хамруулах боломжийг олгох хүсэлт тавьжээ.
Харин Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Дээрх аж ахуй нэгжүүд нийслэлд хандахаасаа илүүтэй холбогдох захиргааны байгууллагад хандах, шүүхийн шийдвэр гаргуулах ёстой. Шүүхийн болон захиргааны шийдвэргүй байхад иргэдийн хохирлыг барагдуулбал албан тушаалаа хэтрүүлсэн болноу гэсэн тайлбарыг өгөв.