УИХ 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барив.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төсвийн тодотголыг боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон дүүргүүдээс санал авсан. Одоо батлуулах ажлыг яаравчилснаар зуны дэлгэр цагт хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж чадна” хэмээсэн юм.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан холбогдох хууль, журмын дагуу ээлжит хуралдаанаар хоёр удаагийн хэлэлцүүлэг хийхээ мэдэгдлээ.