Францын соён гэгээрүүлэгч Пьер-де-Кубертен 1894 оны зургаадугаар сарын 23-нд ОУОХ-г байгуулж, орчин үеийн олимпын хөдөлгөөний эхийг тавьсан билээ. Энэхүү өдрийг нандигнан хүндэтгэж, 1948 оноос “Олон улсын олимпын өдөр” хэмээн дэлхий дахинаа тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Энэ жилийн хувьд МҮОХ-ноос зургаадугаар сарын 22-ны өдөр Олимпын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. ОУОХ-ноос энэ жил Олимпын өдрийг “Энхтайваны төлөө” буюу “Move for peace” уриан дор тэмдэглэхээр болсон юм.
Олимпын өдрөөр спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөг, бүх нийтийн хөгжөөнт гүйлт, “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдад тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээ зохиогдоно. Мөн спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөгийн үеэр Парисын олимпын хөтөлбөрт шинээр багтаад буй брэйк бүжгийн төрлийнхөн хүүхэд залууст бүжгийн үзүүлбэрээсээ сонирхуулах юм байна.
Олимпын өдрийн арга хэмжээ энэ сарын 22-нд 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны “360” талбайд болно.