Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновац” үндэсний зөвлөгөөн боллоо.
Нөхөн сэргээгдэх Мал аж ахуй, газар тариалангийн нөөцийг үр ашигтай боловсруулан дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, улмаар импортыг орлох экспортод чиглэсэн мэдлэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах нь бидний хамтын зорилт юм. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд төр-шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа чухал.
Өнгөрсөн хугацаанд манай мал эмнэлгийн салбарын эрдэмтэн, судлаачид дэлхийн шинжлэх ухаанд дөрвөн том нээлт бүртгүүлж, малын эмчилгээний вакцин, оношлуур 64, эм био бэлдмэл 72-ыг боловсруулсан байна.
Газар тариалангийн судалгааны ажлын үр дүнд үр тарианы ургамлын 100 гаруй сорт, төмсний 16 сорт, хүнсний ногооны 60 гаруй сорт, жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлын 50 гаруй сорт, тос тэжээл бусад төрлийн ургамлын 40 гаруй сорт шинээр бүтээж, нутагшуулсан. Мөн тэдгээрийг тариалах болон хөрс хамгаалах, үржил шимийг сайжруулах, усалгаатай тариалан хөтлөх зэрэг агротехнологи 120 гаруйг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
Мал аж ахуйн салбарт өндөр ашиг шимт 57 үүлдэр омог нутагшуулан, бий болгосноос гадна ХАА-н таримал ургамал, бэлчээр, ойг төрөл бүрийн хөнөөлт организм шавьж, ургамлын өвчин, хог ургамал, мэрэгч амьтдын нөлөөнөөс хамгаалах, тэдгээртэй тэмцэх байгальд халгүй дэвшилтэт арга технологиудыг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. Цаашид:
Мал эмнэлэгийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
• Дотооддоо үйлдвэрлэж, эх орны хэрэгцээг бүрэн хангах боломжтой малын эм бэлдмэл, вакцин, оношлуурыг үйлдвэрлэх чиглэлд үндэсний эрдэмтэд болон үйлдвэрлэгчид хамтрах
• Жил бүр гадаадаас малын эм бэлдмэл, вакцин, оношлуур, ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэл худалдан авахад зарцуулдаг валютын нөөцийг дотооддоо үлдээж, импортын хараат байдлаас сэргийлэх
• Эх орондоо үйлдвэрлэж буй ижил төрлийн эм бэлдмэл, вакцин, оношлуурыг гаднаас импортлохыг эдийн засгийн болон бусад зохицуулалтаар хязгаарлах
Ургамал хамгааллын шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
• Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын лабораториудыг чадавхижуулж, бэхжүүлэх
• Пестицид, бордооны үлдэгдэл, агууламжийг судлан тогтоодог судалгааны лабораторийг чадавхижуулах
Газар тариалангийн шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээ
• Ургамлын селекци, биотехнологи, мутаци, геномын судалгааны орчин үеийн аргуудыг ашиглаж таримал ургамлын өндөр бүтээмжтэй шинэ сортууд богино хугацаанд бүтээх
• Фитотрон, дижитал, ухаалаг технологийн шийдлүүдийг ашиглаж тариалангийн хөрс хамгаалах, тариалалтын технологийн чиглэлийн судалгааны үр ашгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай иж бүрэн лаборатори, багаж тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх,
• Таримал ургамлын генетик нөөцийн цуглуулгыг төрийн мэдэлд, хамгаалалтанд авч Монгол Улсын Ургамлын Үндэсний Генбанк болгон өргөжүүлэх,
• Үрийн аж ахуйн үндэсний тогтолцоог хөгжүүлэх
Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээ
• Хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хамтарсан санхүүжилтийн хэлбэр бүхий төслүүдийг дэмжих Хүн амын хүнсний бодит хэрэглээ, шим тэжээлийн нөхцөл байдлын судалгааг 5 жил тутам хэрэгжүүлж, нотолгоонд суурилан хүн амын хэрэглээ ба үйлдвэрлэлийн хэмжээг төлөвлөдөг болох
• Дэвшилтэт технологи, инновац бий болгож буй төслийн нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн аж ахуйн нэгжийн үлдэх хэсгийг төсвөөс буцалтгүй нөхцөлөөр санхүүжүүлэх заалтыг хэрэгжүүлэх
Эх сурвалж: БШУЯ