БНСУ-ын Жэжү аралд эрүүл мэндийн аяллаар явсан Монголын 23 иргэн аяллын хөтөлбөрөө дуусгасныхаа дараа холбоо тасарсан тухай Солонгосын хэвлэлд бичжээ. Тодруулбал, Монголын 150 жуулчнаас 23 нь зургаадугаар сарын 22-нд сураггүй болсон бөгөөд тэд дөрвөн шөнө, таван өдрийн аялалд явж, 26-ны өдөр буцах ёстой байжээ.
Тэд Солонгост 30 хоног байх боломжтой ба визний хугацаа долоодугаар сарын 21-нд дуусах аж. Тэднийг визний зөрчилтэй гэж үзэх эрт байна гэж тус хэвлэлд бичжээ.
Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад "Солонгосын талаас дипломат шугамаар албан ёсоор манайд мэдэгдсэн зүйл байхгүй. Манай иргэд нэг сарын хугацаанд Жэжүд визгүй зорчих эрхтэй. Энэ хүмүүс зургаадугаар сарын 22-нд Жэжүд очсон. Зорчих хугацаа нь долоодугаар сарын 21-нд дуусна. Тиймээс визний зөрчилтэй гэж үзэхэд арай эрт байна. Долоодугаар сарын 9, 14-нд Жэжүгээс наашаа нислэгтэй. Тиймээс тэр нислэгт амжаад ирчих байх гэж найдаж байна" гэлээ.
Монгол Улсын Консулын албанаас "БНСУ-ын Жэжү хотод монгол иргэд сураггүй алга болсон, хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэргийн хохирогч болсон тухай мэдээллийг Солонгосын талаас албан ёсоор ирүүлээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.