2013-2020 он хүртэл ипотекийн зээлийн жилийн хүү найман хувь байхад нийт санхүүжилтийн 90 хувийг Монголбанк, 10 хувийг арилжааны банкууд гаргаж ирсэн бол 2020 оны аравдугаар сараас хүүг зургаан хувь болгосноос хойш Монголбанк 60, арилжааны банкуудын эх үүсвэр 40 хувь болсон байдаг. Гэтэл МИК санхүүжилт гаргадаггүй, хоёрдогч зах зээлээс хөрөнгө оруулалт татдаггүй хэрнээ иргэдийн зургаан хувийн зээлийн төлөлтөөс 1.25 хувийг нь үйл ажиллагааны зардал болон эрсдэлийн сан нэрийдлээр дундаас нь авдаг, зөвхөн 2014-2018 оны хооронд нийтдээ 282 тэрбум төгрөгийн хүүгийн цэвэр ашгийг МИК өөртөө авч үлдсэн тухай баримт санхүүгийн аудитлагдсан тайланд байна.
МИК-ийн өмчийн хэлбэр нь олон нийтийн хувьцаат компанийн статустай гэх боловч нийт хувьцааны 73.75%-ийг нэг хүний хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой компани эзэмшдэг бол Монголбанк, Хөгжлийн банк нийлээд МИК ОССК ХК-ийн хувьцаанаас 17.23 хувийг, бусад арилжааны банкууд нийлээд 9.2% хувийг, үлдсэн 1% хүрэхгүй хувийг иргэд эзэмшиж байна.