Чингис хот-Ульхан боомт чиглэлийн авто замын үргэлжлэл 248.3 км-ыг тавьж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Чингис хот-Ульхан боомт чиглэлийн авто замын үргэлжлэл 248.3 км-ыг тавьж эхэллээ

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд улсын хэмжээнд хилийн 14 боомтыг авто болон төмөр замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Эдгээрийн нэг нь Хэнтий аймгийн Чингис-Бэрх-Ульхан боомт чиглэлийн 318.3 км авто зам юм. Уг авто замын эхний 70 км буюу Чингис-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто зам бэлэн болсон. Үүний үргэлжлэл 248.3 км авто замын төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Норовлин суманд өнөөдөр ажиллахдаа бүтээн байгуулалтыг нь эхлүүллээ.

Хэнтий аймгийн аялал жуулчлалын гол маршрут болох Чингис хот-Ульхан хилийн боомт чиглэлийн энэхүү 248.3 км хатуу хучилттай авто замаас Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130.6 км хатуу хучилттай авто замын багц 1-р хэсгийн 68.6 км авто замыг “Наранбулаг-хан” ХХК, багц 2-р хэсгийн 62 км авто замыг “Мотор сервис” ХХК, Норовлин-Баян-уул чиглэлийн 68.3 км авто замыг “Монгол зам групп” ХХК тус тус хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан, барилгын ажлаа эхлүүлээд байна.

Чингис хот-Батноров-Норовлин-Дорнод аймгийн Баян-Уул-Ульхан чиглэлийн улсын чанартай авто зам ашиглалтад орсноор зүүн гурван аймаг ОХУ-ын Дээд Ульхан хилийн боомттой шууд холбогдоно. Чита мужаар дамжин ОХУ-тай хатуу хучилттай авто замаар холбогдсон хилийн боомтын тоо нэгээр нэмэгдэнэ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд ОХУ-руу аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай боломж бүрдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө маргааш ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө маргааш ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
 
Шатрын дэлхийн аваргаас гурван Монгол хүүхэд алтан медаль хүртлээ
Шатрын дэлхийн аваргаас гурван Монгол хүүхэд алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.