Цахим сүлжээнд Сэлэнгэ аймгийн, Орхон сумын наадмын нээлтийн бичлэг цацагдаж, шүүмжлэлд өртөөд байна. Иймд тус сумын Засаг Даргын Тамгын Газраас мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд:
Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхэн хөгжлийн явцад МАА салбарын эрдэмтэн судлаачид, Орхон сумын малчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон оюуны бүтээл болох “Орхон” үүлдрийн хонины түүхт 60 жилийн ой тохиож байна.
Иймд Орхон нутгийн сүлд дууны хэсэгт нутгийн онцлогоо харуулан урлагаар дамжуулан Монгол Улсын ууган үүлдэр болох зохиогчийн эрхийн 1 дугаарт гэрчилгээ эзэмшигч нарийвтар ноост Орхон үүлдрийн хонийг сурталчлан харуулсан. Үүнийг мушгин гуйвуулж Орхон сумын түүх, нэр хүндэд халдахгүй байхыг хүсье" гэжээ.
Орхон үүлдрийн хонины үүсэл хөгжил:
Монгол Улсад нарийвтар ноост хонины үржлийн бааз бий болгох ажил Зөвлөлтийн мэргэжилтэн Г.Литовченкогийн удирдлага дор ахлах зоотехникч Т.Аюурзана, Ж.Рааш, Ш.Дашцэрэн нарын эрдэмтэн мэргэжилтнүүд ажилласнаар 1943-1947 он, 1947-1953 он, 1953-1961 он гэсэн 3 үе шаттайгаар 16 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсын түүхэнд анх удаа нарийвтар ноост эх орны ууган үүлдэр Мах-ноосны чиглэлийн хонь бий болж 1961 оны 2-р сард”Орхон” нэртэйгээр батлагджээ. Орхон сум бол монгол улсад нарийн, нарийвтар ноост хонины анхны үүлдрийн хонь бий болсон нутаг юм.
Орхон хонь нь манай орны ойт хээрийн бүсэд бий болсон эрлийз хонь ашиг шим үүлдрийн чанараар бие даасан үүлдрийн шаардлагыг хангасан тул 1961 оны 3-р сард нарийвтар ноост Орхон үүлдэр болгон баталж зарласан түүхтэй.
Ашиг шимийн дундаж үзүүлэлт: Үржлийн хуцны амьдын жин 80-85 кг, ноосны гарц 6.5-8.0 кг, урт нь 10-12 см, эм хонины амьдын жин 58-62 кг, ноосны гарц 3.8-.4.0 кг, ноосны урт 8-10 см, ашиг шимийн дээд үзүүлэлт нь үржлийн хуц 102.2 кг, ноосны гарц 12 кг, ноосны урт 15 см, эм хонины амьдын жин 80.0 кг, ноосны гарц 7.0 кг ноосны урт нь 13 см хүрч, ноосны өтгөн, жигд, урт атираа, зунгаг зэрэг бусад үзүүлэлтүүд нь бүрэн хангалттай хонь юм.
Орхон хонийг бий болгоход оролцсон эрдэмтэн судлаачид, малчдын дундаас Монгол Улсын Гавьяат зоотехникч Т.Аюурзана, МУ-ын төрийн соёрхолт зоотехникч Ж.Дашцэрэн, Ж.Рааш, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар хоньчин А.Хөх-Уул, С.Гончигбал, Т.Тэрбиш, улсын аварга малчин Ц.Адъяа, П.Хамбага, Т.Тунгалаг, Т.Жигжиддорж, Ч.Раднаа, Г.Нямбуяндэлэг хурдан хяргагчдын улсын уралдааны аварга Т.Дүгэрсүрэн, мал аж ахуйн аварга мэргэжилтэн Д.Дагдан, н.Пүрэвсүрэн нарын алдартнууд төрөн гарсан түүхтэй.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Орхон сумын ЗДТГ