Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь 2015 оны 4 дүгээр сарын 14-нд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”, “Гомдол санал хүлээж авах журам”-аа батласнаар 4 дүгээр сарын 22-ноос эхлэн ард иргэдээс сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйтэй холбоотой гомдлыг өргөдөл бичгийн хэлбэрээр хүлээн авч эхлээд байгаа юм.
Иргэн та сонин, сэтгүүл, сайт, радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэж нэвтрүүлсэн ямар нэгэн нийтлэл нэвтрүүлэг, сурвалжлага гэх мэт сэтгүүл зүйн бүтээлийг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэж үзвэл Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд гомдол гаргаж болно.
Өөрөөр хэлбэл:
1. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд мэдээллийг нягталж үзээгүйгээр нийтлэсэн нэвтрүүлсэн гэж үзэж байгаа бол
2. Мэдээллийг шударга бус аргаар олж авсан гэж үзэж байгаа бол
3. Хэн нэгнийг арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгосон гэж үзэж байгаа бол
4. Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээсэн гэж үзэж байгаа бол
5. Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг санаатайгаар гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа ашиглан мэдээллийг хувийн зорилгод ашиглах, мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авсан гэж үзэж байгаа бол
6. Хувийн нууцад хүндэтгэлгүй хандсан гэж үзэж байгаа бол
7. Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлгүй хандсан гэж үзэж байгаа бол
8. Мэдээллийн нууц эх сувалжаа чандлан хамгаалаагүй гэж үзэж байгаа бол
9. Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгаагүй гэж үзэж байгаа бол та гомдол гаргаж болох юм.
Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа, зар сурталчилгаатай холбоотой, түүнчлэн сэтгүүлчийн мэдлэг боловсрол, биеэ авч явах байдал зэрэг хувь хүний шинжтэй, ерөнхий агуулгатай, тодорхой бус, буцах эзэн, хаяггүй гомдлыг хүлээж авахгүй.
Таны гомдлыг зөвлөлийн ёс зүйн хороод хэлэлцээд ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргах юм. Харин уг дүгнэлтийг гаргахын өмнө гомдолд холбогдсон хэвлэл мэдээллийн байгууллагад энэ талаар мэдэгдэж, хариу тайлбар хийх боломжоор хангана.
Иргэн та гомдол гаргахдаа тухайн нийтлэл, нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлчийн нэрээр бус харин тухайн нийтлэл, нэвтрүүлгийг нийтэлж, нэвтрүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагад хаяглана уу.
Гомдлыг “Монгол телевиз” цамхагийн 11-р давхарт байрлах Хэвлэл мэдээллийн зөвлөлийн оффист Даваагаас Баасан гарагт 10.00-12.00, 14.30-17.00 цагт хүлээн авах бөгөөд холбогдох мэдээллийг 7000-0160 утсаар лавлаж болно.
Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн www.mediacouncil.mn веб хуудаст зочилж, “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” болон “Гомдол хүлээж авах, барагдуулах журам”–тай танилцаж болно.