Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-т ажиллажээ.
Тэд жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдлүүд, нийслэлийн удирдлагууд, харьяа байгууллагууд хамтран ажиллах арга замууд, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явуулах үйл ажиллагааг хэлэлцсэн байна.
Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Улаанбаатарын эдийн засгийн дийлэнх хувьд үйлдвэрлэл биш, худалдаа давамгайлж байна. Шинээр бизнес эрхэлж буй залуусын дийлэнх нь борлуулалт хийх бодолтой байна. Мөн төрийн зүгээс үйлдвэрлэгчдийг дэмжиж байна гээд зөвхөн нэг агентлаг, яамд үүрэг өгч, биелэлт нэхэхээс илүүтэй иргэдэд үйлдвэрлэгч сэтгэхүй бий болгох нь чухал. Төрийн бүх байгууллагын бодлогод энэ талаар тусгах хэрэгтэй. Манайд импортоор бараа оруулж ирэх, тодорхой хэмжээний үнэ нэмж, худалдах хялбар схем явж байна.
Түүнчлэн тодорхой хаалт тавиад үндэсний бараа бүтээгдэхүүнийг худалдан авалтыг зогсоож байна. Тухайлбал, эрүүл мэндийн хамгаалалтын хэрэгслүүдэд тавьсан стандартын улмаас дотоодын үйлдвэрлэгчдийг зогсоож, гаднаас бүтээгдэхүүн худалдан авахад хүрсэн.
Мөн түлшний уутны олон тэрбум төгрөгийн оёдлын зардлыг БНХАУ-ын үйлдвэр лүү явуулж байна. Төрийн худалдан авалтын тухай хуулийн заалт ч үйлдвэрлэл эрхлэгчдэд хязгаарлалт болж, аж ахуйн нэгжийн орлого олох боломжийг хааж байна.
Иймд төрийн байгууллагуудын худалдан авалт, үйл ажиллагаа бүрд жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн хэлбэрийг шингээж, түүнийгээ тайлагнадаг болгох хэрэгтэй. Тухайн тайланг аж ахуйн нэгжийн төлөөлөлд эргэн тайлагнах тогтолцоог бий болгох, үндсийг тавихаар хэлэлцсэнээрээ үр дүнтэй уулзалт боллоо гэжээ.
Уулзалтын үр дүнд нийслэлийн худалдан авах ажиллагаанд жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүний эзлэх хувийг тогтмол гаргаж, аж ахуйн нэгжүүдэд тайлагнахаар болжээ.