Богд хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил өнөөдрөөс эхэлж буйг тус музейгээс мэдээллээ.
Засварыг хэсэгчлэн хийх бөгөөд Лаврин, Найдан, Бурхдын сүмийг засварлах ажил явагдах юм байна. Тиймээс музей хаагдахгүй, зуны цагийн хуваарийн дагуу ажиллана гэв. Өөрөөр хэлбэл 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Монгол Улсын ууган, хамгийн баялаг сан хөмрөг бүхий уг музейг сэргээн засах ажлыг улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Барилгын ажлын гүйцэтгэгчээр "Энэржин" компани шалгарчээ.
Харин музейн гадна тохижилтын ажил өнгөрсөн сард эхэлсэн юм. Музейн урд талын 1.3 га талбайд хуйлдаг зүлэг тавьж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
Уг музейн барилга 1903 онд баригдсан, 8,600 үзмэртэй байна. Өвлийн ордон, Найдан, Лаврин, Махранз, Номын сан тэргүүтэй зуны долоон сүм, Сэрүүн Асар, Ёслол хүндэтгэлийн талбай зэрэг хорь шахам барилгаас бүрдсэн цогцолбор юм.