Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдааны эхэнд яамны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Алтайбаатар газар, хэлтсүүдийн долдугаар сарын ажлын гүйцэтгэл, хэрэгжүүлсэн ажлуудыг шуурхай хуралдаанд танилцуулав.
Тус мэдээллийн дараагаар яамны газар хэлтсийн удирдлагууд цаг үеийн асуудлуудаар нэмэлт мэдээлэл өглөө. Тодруулбал, Санхүү,хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү тендерийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг мэдээлсэн бол Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг арматурын ханган нийлүүлэлт, нөөц, үнийн асуудлаар, мөн цементийн төмөр замын тээвэрлэлтийн талаар сүүлийн өдрүүдийн статистик мэдээллийг танилцуулав. Мөн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Л.Идэрцогт шилэн дансны хэрэгжилтийн талаар шуурхай хуралдаанд мэдээлэв.
Сайд Б.Мөнхбаатар барилгын материалын үнийн өсөлтийг тооцох магадлалын ажлын үр дүн, Төв болон аймгуудын цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, цементийн үйлдвэрлэлийн байдал, цэцэрлэгийн барилгын норм, нормативыг шинээр боловсруулж буй ажлын талаар тодруулж, нэмэлт мэдээлэл сонслоо.
Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртөг /барилгын материалын үнэ/-ийн өөрчлөлтийг тооцож, магадлал хийсэн ажлыг Барилгын хөгжлийн төвийн Зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Э.Хангал 2022 оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар эцэслэн дуусгавар болгож, гарсан дүн мэдээг танилцуулав.
Төсвийн ерөнхийлөн захирагч нар /16 яам, бусад 8 төсвийн ерөнхийлөн захирагч/-аас 1,153 төсөл, арга хэмжээний санал хүлээн авч, улсын төсвийн бус эх үүсвэртэй болон төсөл, арга хэмжээний давхцал зэргээс шалтгаалсан 31 төсөл, арга хэмжээг хасаж, 1,122 төсөл, арга хэмжээний жагсаалтыг эцэслэн баталж, 534 төсөл арга хэмжээг ирэх оны төсөвт тусгуулж, шийдвэрлүүлэхээр болсон.
Харин хоцорсон болон материалаа ирүүлээгүй нийт 317 төсөл арга хэмжээнд магадлал хийх хугацааг Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ 2022 оны долдугаар сарын 5-ны өдрөөс 2022 оны наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгаж ажилласан. Тус хугацаанд яамдуудтай тулгалт хийхэд 43 төсөл хасагдаж, үлдсэн 274 төсөл арга хэмжээнээс урьдчилсан байдлаар 99 төсөл баталгаажиж, 23 төсөл дотоод хяналтад материал шалгуулах болон материалын бүрдэл дутуу гэсэн шалтгаантай байна. Үлдсэн 152 төсөл арга хэмжээний материалыг огт ирүүлээгүй болон түр журмын шаардлага хангаагүй, магадлалын ерөнхий дүгнэлт байхгүй, ашиглалтад орчихсон зэрэг шалтгаануудтай байгаа юм.
Хугацаа сунгаж явуулсан магадлалын дүгнэлтээр баталгаажих 122 төсөл арга хэмжээнд нийт 32.2 тэрбум төгрөгийн зөрүү санхүүжилт гарч, үүнийг гэрээний үнийн дүнгийн үлдэгдэлтэй харьцуулахад 12.8 хувийн үнийн өсөлт гарчээ.
Шуурхай хуралдааны төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгавруудыг өглөө.
Үүнд:
- Барилгын материалын үнийн өсөлт тооцсон магадлалын ажилд 2022 оны есдүгээр сарын 1-н гэхэд аудит оруулах,
- Тендэрийн ажлын явцыг дэлгэрэнгүй танилцуулах,
- Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг шуурхайлах, /төслийн явцыг БХБ-ын сайд газар дээр нь үзэж танилцана/
- Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын норм нормативыг шинэчлэн боловсруулах ажлыг түргэтгэх,
- Гадны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийг эрчимжүүлэх,
- Шилэн дансны хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах,
- Замын үүдийн барилгын материалын хяналтын лабораторийн барилгын ажлыг эрчимжүүлэх зэрэг юм гэж Барилга, Хот Байгуулалтын Яамнаас мэдээллээ.