Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ-ын талаас хил гаалийн хяналтыг чангаруулсан. Манай улсын импортын гол цэг болох Замын-Үүд-Эрээний боомтыг хоёр улсын харилцан тохирооны дагуу энэ оны нэгдүгээр сарын 11 ний өдрөөс нээж, автозамын чингэлэг ачаа тээврийг нэвтрүүлж байна.
Өнгөрсөн 8 дугаар сарын 20-ны өдрөөс БНХАУ-ын Эрээн хотод корона вирусын халдварын тоо нэмэгдсэн тул тус хотод хөл хорио тогтоосон. Үүнээс шалтгаалан боомтын ачаа тээвэр нэвтрүүлэх ажилд хүндрэлд гарч, чингэлэг тээврийн тоо хэмжээ тодорхой хэмжээнд буурчээ.
Одоогоор сард импортлогдож буй чингэлэгийн тоо хэмжээ харилцан адилгүй байна. Тухайлбал өнгөрсөн 7 сард 3062 ачаа тээврийн чингэлэг импортлогдсон бол 8 сард 2450 чингэлэг импортлогджээ. Харин 9 сарын эхний 10 хоногийн байдлаар 850 чингэлэг нэвтэрчээ. Хятадын талаас 9-р с арын 12-нд буюу ирэх даваа гарагт Эрээн хотын хэмжээнд шалгалт хийж, халдвар гайгүй бол хөл хориог цуцлах боломжтой гэдэг мэдээллийг гаргаж байна.
Хоёр улсын боомт хоорондын чингэлэг тээврийн нөхцөл байдлын талаар Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнгээс тодрууллаа. Тэрээр “Хил нээгдсэнээс хойш манай талаас экспорт мөн ямар нэгэн саадгүй хийгдэж байна. 7 сараас Замын-Үүдийн боомтоор нүүрсний экспорт хийгдэж эхлэх үед өдөрт дунджаар 10 орчим чингэлэг бүхий нүүрс тээвэр хийгдэж байсан бол, 8 сараас өдөрт 40 орчим машин гарч байна. Одоогоор мөн төмрийн хүдрийн экспорт нэмэгдсэнээр уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээг нэмэгдүүлж байна. “гэв.