ТӨСӨВ 2023: Өндөр хэрэглээтэй өрхүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 46 секунд

ТӨСӨВ 2023: Өндөр хэрэглээтэй өрхүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй

Энэ сарын 29-нд Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны улсын төсвийн төсөл болон 2023 оны Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай гэх мэт хуулийн төслүүдийг хамт өргөн барина.

Ирэх долоо хоногт УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн улсын төсвийн төслийг хэлэлцэж эхлэх нь. Засгийн газар төсвийн төслөө УИХ дахь намын бүлгийн гишүүд болон АН-ын гишүүдэд танилцуулжээ.

2023 оны улсын төсвийн тухай хуульд Засгийн газар хэд хэдэн шинэчлэлт хийхээр зорьжээ.

Үүнийг нэг ньхүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохгүй, зорилтот бүлэгт чиглүүлэх юм. Ингэснээр нийт хүүхдийн 80 хувьд олгож, жил бүр 1.4 их наяд төгрөг зарцуулдаг байсан бол ирэх онд 1.2 их наяд төгрөг зарцуулна. Өндөр орлоготой тул хүүхдийнхээ мөнгийг ашигладаггүй, хадгаламж руу шилжүүлдэг иргэдийн хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөг олгохгүй байхаар Засгийн газар шийджээ.

Судалгаанаас үзэхэд хүүхдүүдэд олгож буй мөнгөний 67 хувийг ээж аав нь бэлнээр авч ашиглаж буй бол 33 хувийг нь хадгаламжид байршуулдаг аж. Өрхүүдийг дараах байдлаар ангилжээ:

Өрхийн ангилал

Оноо

Хэчнээн хүүхэд хамрагдсан

Доод бүлэг

0-302

176 000

Харьцангуй бага хэрэглээтэй бүлэг

303-411

264 000

Дундаж бүлэг

412-578

449 000

Дунджаас дээш бүлэг

579-701

172 000

Өндөр хэрэглээтэй бүлэг

702-1001

124 000

Өндөр орлоготой өрхийн 124 мянган хүүхдэд сар бүр 100,000 төгрөг олгохгүй байснаар 320 тэрбум төгрөг хэмнэнэ.

ТЭГВЭЛ ХЭНИЙГ ӨНДӨР ХЭРЭГЛЭЭТЭЙ БҮЛЭГ ГЭЖ ҮЗЭХ ВЭ?

Сарын 3.5 сая орчим, түүнээс дээш төгрөгийн орлоготой бол өндөр орлоготой гэж үзнэ.

Сүүлийн жилүүдэд төрд маш их мэдээлэл цугларсан. НӨАТ-ын баримтаа уншуулдаг болсноор хэн хэдэн төгрөгийн орлоготой, хаанаас худалдан авалтаа хийдэг гэх мэт хувь хүнтэй холбоотой мэдээллүүдийг авах боломж бүрдсэн юм. Мөн ҮСХ-ны өрхийн орлого зарлагын судалгаа, банкууд дахь хадгаламж эзэмшигчид, ипотекийн зээлийн мэдээллийн сан зэрэгт суурилан өндөр орлоготой өрхүүдийг тодорхойлох юм байна.

Хэдэн жилийн өмнө хийсэн шиг, одоо айлуудаар явж, хөргөгч телевизийг нь тоолох ямар ч шаардлага байхгүй, бүртгэл сайжирсан гэж Сангийн сайд Б.Жавхлан ярьсан юм. Тэрээр “Хүүхдийн мөнгийг дөрвөн жилийн турш олголоо. Бид сар бүр өгдөг 100 мянган төгрөгийг бууруулах хувилбарыг судалсан ч олон иргэн эсэргүүцсэн. Мөн 16-18 насныханд олгох уу гэдгийг ч харгалзав. Гэвч тэд хүүхдэд тооцогдох тул эцэг эхчүүд мөн л хүчтэй эсэргүүцсэн. Гэхдээ цаашид хүүхдийн мөнгийг энэ хэвээр үргэлжлүүлбэл нийгмийн завхрал болно” гэв.

Үнэхээр ч хүүхдийн мөнгө Засгийн газарт томоохон ачаалал үүрүүлж, энэ онд нийт 1.4 их наяд төгрөг зарцуулжээ. Уг нь энэ эх үүсвэрээр сургууль цэцэрлэг, номын сан гэх мэт хүүхдүүдэд илүү ээлтэй, урт хугацаандаа ашгаа өгсөөр байх бүтээн байгуулалт хийх боломж байв.

Дээрх хувилбаруудыг судалсны эцэст өндөр орлоготой өрхүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй байхаар Засгийн газар шийдэж, МАН-ын бүлэгт танилцуулан, дэмжлэг авчээ.

С.Бямбацогт: Вагоны жолооч хурд хэтрүүлсэн, согтуу байсан гэх мэдээлэл ирсэн
С.Бямбацогт: Вагоны жолооч хурд хэтрүүлсэн, согтуу байсан гэх мэдээлэл ирсэн
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ