Д.Цогтбаатар: Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 57 секунд

Д.Цогтбаатар: Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн төслийг 2012 онд баталж, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон билээ. Тус хуульд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан нийт гурван удаа өөрчлөлт орсон.

Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ

Одоо мөрдөгдөж байгаа Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг зөвхөн хуулийн этгээд үзүүлэх бөгөөд татвар мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 38 хуулийн этгээд байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх үүднээс Сангийн сайдын тушаалаар эрх олгосон 1500 гаруй хувь хүнд бусад улс орны жишгээр татварын мэргэшсэн зөвлөх хуулийн тодорхой нөхцөл, шаардлага хангасан бол татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээх, мөн хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг сонгох боломжтой болгож, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг хамгаалагдах нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийг тодорхой гүйлгээний талаарх мэдээллийг Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих субъект нь Мэргэшсэн нягтлан бодогчдын институт биш тэднийг гишүүнчлэлдээ нэгтгэсэн Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг байх нь зүй ёсны шаардлага юм. Түүнчлэн энэ үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй этгээд (2018 оны судалгаар 700-аад хуулийн этгээд, бас хувь хүн) үзүүлж буй нь далд эдийн засгийг тэлэхэд нөлөөлөх төдийгүй, хуулийг сахин мөрдөх үйлсэд сөргөөр нөлөөлж байгаа болно гэж хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав.

Тэрбээр хэвлэлийнхэнд хийсэн мэдээлэлдээ, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль батлагдаад даруй 10 жил болж байна. Гадаад улс орнуудын туршлагаас харахад хуулийн этгээдээс гадна тодорхой эрх бүхий /бүртгэгдсэн/ хувь хүн татварын тооцоолол хийж, татварын тайлан гаргадаг ба энэ үйлчилгээг татвар хураалт, хяналт шалгалтдаа бүрэн ашиглаж төрийн үйлчилгээг хөнгөвчлөдөг нь олон улсын практик юм.

Тухайлбал, хэрэв татварын мэргэшсэн зөвлөх татварын тайлан гаргасан тохиолдолд татвар төлөгчийн эдлэх татварын хөнгөлөлт буюу илүү төлсөн татварыг буцаан олгох хугацаа бусад этгээдийнхээс богино байх, татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээний тусламжтайгаар төрийн татварын үйлчилгээний ачааллыг хөнгөвчлөх, татварын тайлангийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцуулах төдийгүй энэ үйлчилгээний гаргасан тайланг банкны систем нь зээл олгох үеийн нотолгоо болгодог гэх мэтчилэн сайн туршлагууд олон бий гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Д.Амарбаясгалан: Экспортлох гэж байсан 9,800 тонн мах буцаагдсан гэх бодит мэдээлэл аваагүй байна
Д.Амарбаясгалан: Экспортлох гэж байсан 9,800 тонн мах буцаагдсан гэх бодит мэдээлэл аваагүй байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ