Энэ сарын 5-нд Сүхбаатарын талбайд болсон жагсаал цуглааны үед цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах,нийгмийн дэг журам сахиулах, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн.
Дээрх жагсаал, цуглааны үед жагсаалд оролцсон иргэд эсэргүүцэл үзүүлэхэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 13 алба хаагч биедээ гэмтэл авч, үүнээс 12 алба хаагч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нэг алба хаагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Тухайлбал, алба хаагчид гар, хөл, толгой, цээжиндээ гэмтэл авч хавдсан, зулгарсан, язарсан, хамрын яс хугарсан зэрэг гэмтэл авсан, хамрын яс хугарсан гэмтэлтэй алба хаагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Цагдаагийн байгууллагаас жагсаал цуглааны үед иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажилласан.
Жагсаалд оролцогч зарим иргэний зүгээс бусдыг эмх замбараагүй байдалд уриалах, Төрийн ордон руу дайрах үед иргэдийн нягтаршил, хөдөлгөөнөөс шалтгаалан 10 иргэн бэртэж гэмтэн, амьсгал давчдаж ухаан алдах зэргээр эмнэлгийн тусламж хэрэгтэй болсон үед цагдаагийн байгууллагаас шуурхай арга хэмжээг авч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Мөн цагдаагийн байгууллагаас жагсаал, цуглааны үед үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 19 үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, Засгийн газрын ордны хаалганы шил хагалсан, хашааг нураасан, гацуур модыг галдан шатаасан, тээврийн хэрэгсэл дээр хашаа нурж автомашинд эвдрэл үүссэн, “Туушин” зочид буудлын орчимд ачигч тээврийн хэрэгсэлд халдан эвдэж, салхины шил, гэрэл, хаалга зэргийг эвдэлсэн, Сүхбаатарын талбайн урд байрлах цагдаагийн постны байрны цонхыг хагалсан зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.