Инфляцын түвшин 2021 оны арваннэгдүгээр сард 11% гарсан бол 2022 оны тус сард 14.5% болж, өмнөх оны мөн үеэс 3.5 нэгж хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.5 хувь, өмнөх оны эцсээс 12.1 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өсжээ.
Инфляц 2022 оны арваннэгдүгээр сард 14.5 нэгж хувь гарсны 7.4 (51.1%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс, 4.5 (30.7%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан аж.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар өсөхөд,
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 24.5 хувь),
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8 хувь,
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 19.4 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 16.6 хувь,
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 21.4 хувь,
- Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 7.7 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг.
Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлсэн байна.