Засгийн газрын нийт өр 30 их наяд төгрөг болж, өмнөх оноос 11 хувиар өсөв
Монгол Улсын нийт гадаад өр 2022 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 873.4 сая ам.доллароор буурчээ. Улсын нийт гадаад өр 2022 оны эхний 9 сард 32.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 873.4 (2.6%) сая ам.доллароор, өмнөх улирлаас 814.0 (2.5%) сая ам.доллароор буурсан байна.
Нийт гадаад өрийн:
- 12.3 (37.8%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
- 8.9 (27.3%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх,
- 7.6 (23.5%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
- 2.3 (7.1%) тэрбум ам.доллар нь Төв банкных,
- 1.4 (4.2%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.
Улсын нийт гадаад өр 2022 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс буурахад Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 300.3 (18.0%) сая ам.доллар, Засгийн газрын гадаад өр 829.3 (9.8%) сая ам.доллароор буурсан нь нөлөөлсөн байна.-
Засгийн газрын нийт өр 2022 оны эхний 9 сард 30.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.0 (11.0%) их наяд төгрөг, өмнөх улирлаас 1.6 (5.7%) их наяд төгрөгөөр өссөн байна. Засгийн газрын дотоод өр 2022 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 297.0 (28.4%) тэрбум төгрөгөөр буурч, гадаад өр 3.6 (14.6%) их наяд төгрөгөөр өсжээ.
Тодорхойлолт:
Улсын нийт гадаад өр: Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, иргэдээс Монгол Улсад бүртгэлгүй, эдийн засгийн харьяат бус аливаа этгээдэд төлөх өрийн хэрэгслээр үүсгэгдсэн төлбөрийн үүргийг ойлгоно. Үүнд гадаад зээл, өрийн бичиг, харилцах хадгаламж, худалдааны зээл болон урьдчилгаа болон бусад өрийн хэрэгслээр үүсгэгдсэн төлбөрийг хамруулна.
Засгийн газрын дотоод өр: Өрийн хэрэгслээр үүсгэж, Монгол Улсын Засгийн газраас бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргийг ойлгоно.
Засгийн газрын гадаад өр: Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийн харьяат бус аливаа этгээдэд төлөх өрийн хэрэгслээр үүсгэгдсэн төлбөрийн үүргийг ойлгоно.