УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Х.Баттулга эмчлүүлэх зорилгоор явлаа гэдэгт эргэлзэж байна. Өмнө нь би яллагдагчаар татагдсан, АТГ-аас дуудсан хүмүүстээ хилийн хориг тавиарай, зугтаачих вий гэж олон удаа шаардаж байсан. Гэтэл эхнээсээ зугтаачихлаа.
Улс төрийн намын хувьд бид хэрэг мөрдөн байцаалтад нөлөөлж болохгүй тул албан бичиг явуулж болохгүй. Иймд хэвлэл мэдээллийнхнээр дамжуулж хэлж байна.
Одоо хилийн хоригоо тогтоо. Тэгэхгүй бол энэ хулгайч нар чинь гараад дууслаа. Үлдэхгүй юм байна. Залуучуудаа бүгдийг нь гадагшаа явуулчихдаг. Тэгсэн хэрнээ өөрсдөө ингээд гараад явчих юм бол 15-16 хоног гадаа жагсаж байгаа иргэдийн хүлээлт яах вэ. Энэ хүнийг шууд яллаагүй. Иргэдийнхээ өмнө эр зоригтойгоор асуудлаа тавьж чадахгүй ийм өөдгүй, арчаагүй, эр зориггүй улс төрчид байна.
Иймд ХҮН намын болон УИХ-ын гишүүдийн зүгээс шаардлага тавьж байна.
Тодруулбал, нэг хүн гараад явчихлаа, одоо хэнд хариуцлага тооцох вэ. АТГ-ын мөрдөн байцаалт хийж байгаа залуу руу битгий хандаарай. АТГ босоо удирдлагатай тул удирдлагад хариуцлага тооц. Хэрэв АТГ-аас прокурор руу явуулаад, прокурор дээр энэ асуудал дарагдсан бол Ерөнхий прокурорт хариуцлага тооц. Энэ хүмүүс буруугүй гэвэл Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярина.
Энэ бол хамтарч хулгай хийсэн асуудал ба хамсаатнаа явуулаад байна гэж ойлгогдохоор байна" гэв.