Шинээр байшин барьсан ХХОАТ төлөгч иргэн 6 сая хүртэлх төгрөгийн буцаалт авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 19 секунд

Шинээр байшин барьсан ХХОАТ төлөгч иргэн 6 сая хүртэлх төгрөгийн буцаалт авна

Өмнө нь орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах тухай мэдээлэл хүргэсэн. Энэ удаа амьдран суух зориулалттай байр, орон сууц барьсан ХХОАТ төлөгч иргэнд хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.4-т

"Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна" гэж заажээ.

Энэ хуулийн заалтыг энгийнээр тайлбарлавал ХХОАТ төлөгч иргэн анх удаа амьдран суух зориулалттай байшин барьсан тохиолдолд тухайн байшинг барихад зарцуулсан үнийн дүнгийн 10 хувийг буцаан авна. Энэ буцаан олголтыг авахын тулд тухайн иргэн орлогоо нотолж, байшингийнхаа үнэлгээг гаргах ёстой.

Татварын ерөнхий газрын татвар, татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын орлогын буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг "Иргэн байшин барихад 40 сая төгрөг зарцуулсан гэж бодъё. Үүнийг зардлын баримтаар нотлох шаардлагатай. Гэвч барилгын материалын худалдан авалтыг иргэд ихэвчлэн захаас хийдэг тул зардал нотлох баримт төдийлөн байдаггүй. Уг нь байшин барихдаа хүн хөлсөлж, ажиллуулсан, материал худалдан авсан зардлаа баримтаар нотолж чадвал энэ нь амьдран суух зориулалтаар барьсан орон сууцны өртөг болж тодорхойлогддог.

Баримтаа аваагүй, хаясан тохиолдолд эдгээр зардлыг татварын хөнгөлөлтөд оруулж тооцох боломжгүй. Энэ тохиолдолд хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар хөрөнгөө үнэлүүлэх шаардлагатай. Тиймээс иргэд маань аж ахуйн нэгжүүдээс Ибаримтаа маш сайн нэхэж, шаардаж авч дадах хэрэгтэй. Энэ баримт нь өртгийг тооцоолох зардлын баримт болж чаддаг" гэв.

Хэрэв та 40 сая төгрөгөөр байшин барьсан гэж үзвэл энэ зардлын 10 хувийг буцаан авах боломжтой. Тэгэхээр танд 4 сая төгрөг очих нь. Энэ мөнгийг нэг дор авах боломжгүй. Та ХХОАТ-т жилд 1.1 сая төгрөг төлсөн бол энэ хэмжээний мөнгийг татварын буцаан олголтоор нэг жилд авах боломжтой гэсэн үг.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ:

  • "Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  • "НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  • "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  • Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • "Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  • "Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Харин анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ:

  • Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц барьсан иргэд хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 3 сая хүртэлх төгрөгийг буцаан авах боломжтой байв. Харин үүнийг 2020 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 6 сая төгрөг болгон өөрчилсөн. Гэхдээ энэхүү зохицуулалт нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц барьсан, гэрчилгээ нь гарсан хүмүүст хамааралтай. Өөрөөр хэлбэл, 2019 онд байшинд барьж, тухайн онд гэрчилгээ нь гарсан бол өмнөх хуулийн дагуу гурав хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авна.

Ташрамд мэдээлэхэд татварын хөнгөлөлт гэдэг нь татварт төлсөн мөнгөнөөсөө буцаан авах нэг боломж юм.

Энэ жил албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайлангаа 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.

“Согтуугаар машин барьсан бол жолоодох эрхийг нэг жилээр хасаж, ₮400,000-аар торгох хууль үйлчилж байгаа. Өөрчлөлт ороогүй“
“Согтуугаар машин барьсан бол жолоодох эрхийг нэг жилээр хасаж, ₮400,000-аар торгох хууль үйлчилж байгаа. Өөрчлөлт ороогүй“
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ